Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталлаа.

Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон.

Газрын төлбөрийн тухай хуульд “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг, доод үнийг 4 төгрөг боллоо.

Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас  “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн ИТХ-д өргөн барьснаар 8 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн Төрийн мэдээлэлийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршаад байна.

Эдгээр ажлуудтай уялдуулан нийслэлийн Газрын албанаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21000 орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.