Өчигдөр “Эрдэнэс таван толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь хуралдаж иргэдэд тараасан 1072 хувьцааны ноогдол ашгаа тараах ч гээд байгаа юм шиг эсвэл харамлаад ч байгаа юм шиг баахан яригдаж хүлээлт үүсгэсэн асуудалд хэсэг хугацаанд ч болов цэг тавив. Амилуулна гэж яриад амлаад байдгийг нь бодохоор үхмэл хувьцаа тараасан мэт. Үхсэн хувьцаа, үнэт цаас гэсэн ойлголт Монголд л байдаг байх. Би л хувьдаа бага байхдаа киноны билет үхэх нь гэж хүмүүс хоорондоо ярьж байсныг бүдэг бадаг санах юм.

Тус компанийн ТУЗ нь “Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг” гэдэг шиг шийдвэрээ эрхийнхээ дагуу гаргачихлаа. Гэхдээ эзэн нь гэхэд их учир дутагдалтай байна. Уг нь энэ компанийг хувьчлагдсан гэж би ойлгоод байдаг үгүй бололтой юм аа. Зүй нь ард түмэндээ үнэтэй, үнэгүй нь хамаагүй (1072 ш) хувьцаа тараасан нь үнэн юм бол иргэд хувьцаа эзэмшигч болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл ЭТТ маань төр, хувийн өмч хосолсон компани аль хэдийн болсон.

Иргэдийг хувьцаа эзэмшигч болгосон гэх мөртлөө хувьцаа эзэмшигчид нь саналын эрхгүй гэх балай ч юм уу сонин ч гэмээр юм ноднин ТУЗ-ийн хурал болохынх нь өмнө сонсогдоод байсан. Улс төрчид маань попрох чин хүсэлдээ хөтлөгдөөд үзүүлэх тоглолтоо хийж ард түмэнд хувьцаа эзэмшүүлэх “түүхэн” шийдвэрээ гаргахдаа ард түмэн гэдэг хувь хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийн эрхээ хэрхэн эдэлж хэрэгжүүлэх талаар бодож үзэж тохирох шийдлийг гаргаагүйгээс өнөөдрийн энэ үл бүтэх байдал бий болсон гэж бодогдож байна.

Одоо ЭТТ дээр компанийн сайн засаглалын тухай ярихын ч хэрэггүй. Тэнд хувийн өмчийн буюу ард түмний төлөөлөл байхгүй, 100 % төрийн өмчит хэвээр, яам тамгын газрын түшмэлүүд наанаа төрийг, яг цаанаа бол гэр бүл, ах дүүс, өөрийг нь албан тушаалд тавьсан намын халамжлан хүмүүжүүлэгчдээ төлөөлөөд л сууж байгаа. Гүйцэтгэх удирдлага нь байнга муу хэлэгдээд байдаг улсын үйлдвэрийн газрын дарга, захирлууд. “Эрдэнэт” шиг л байгаа байх гэсэн хардлага төрөхөөс өөр арга замгүй.

Өнөөдрийн байдлаар ард түмний хувьцааны эзэмшил нь нэг ийм бантан шиг, нөгөө “муу” 1072 хувьцаа нь ид шид гэдэг нь байдаг л бол амилахаар байдалтай. Харин ид шид, улс төрчдийн амлалтад итгэх нэг ширхэг ч хүн үлдсэн эсэх нь тун эргэлзээтэй байдаг.

Бид нар ч яахав. “Олгой хагаравч... “ гэсэн үг байдаг. 1072 хувьцаа маань хаа байна, ноогдол ашиг бага их гээд хоорондоо хэрэлдсээр байя гэж бодъё. Гэтэл бас болоогүй гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирнэ. Хувьцаагаа тэдэнд зарна гэж яриад байдаг. Ийм гоё төсөл бараг дэлхийн хаана ч байхгүй мэтээр сэтгэнэ. Мөнгийг нь гаргуулчихаад хүн биш болгодог, хөөж туудаг аймаар “газар” гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө мөнгөө хийнэ гэж бодоод , болно бүтнэ гэж IPO гаргана гээд байгаа хүмүүсийн ухаан нь бүр гайхалтай. Яг үнэнийг хэлэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай өнөөгийн орчин, нөхцөлд хөрөнгөө хийнэ гэхэд бас л туйлын эргэлзээтэй...


О.Бадрал