Хэдэн он дамжин яригдсан "Оргил" рашаан сувилал ТӨХК нээлттэй дуудлага худалдаагаар 15 тэр бум 25 сая төгрөгт хүрч иргэн Д.Ганбат эзэмшихээр болсон билээ. Тус сувиллыг тойрсон асуудал болон түүний эзэн хэн болох талаар тодрууллаа.


“ОРГИЛ”-ЫН ШИНЭ ЭЗЭН Д.ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ ?

“Оргил” рашаан сувиллыг худалдан авсан нууцлаг эрхэм бол иргэн Д.Ганбат. Аль нэгэн компанийн нэрээр биш хувь хүний нэрээр дуудлага худалдаанд орсон нь олны сонирхол татаад буй. Албан бус эх сурвалжийн мэдээгээр түүнийг стратегийн чухал орд газарт тооцогдох Тємєртэйн овооны цайрын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Металлимпекс” ХХК -ийн ерөнхий захирал Д.Ганбат гэсэн таамаг байна. Д.Ганбат уул уурхай, зам, барилга зэрэг хэд хэдэн салбарт бизнес эрхэлдэг. Тухайлбал Сүхбаатар аймаг дахь Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийг 100.0 ам долларын дvрмийн сантайгаар vvсгэн байгуулж 1998 онд vйл ажиллагаагаа эхлvvлж байсан гэдэг. 

“Цайрт Минерал”-ын 51 хувийг хятадууд, 49 хувийг иргэн Д.Ганбат дангаараа эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Түүний эзэмшдэг “Цайрт Минериал”  компани нь хорин жилийн өмнө Монгол улсын Засгийн газартай хамгийн анхны Тогтвортой байдлын гэрээг байгуулжээ. Тус компани жилдээ 350-400 мянган тонн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70 мянга орчим тонн цайрын баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг  юм байна. Д.Ганбатын хувьд уул уурхайн салбарт нэр хүнд сайтай, хариуцлагатай бизнесмэн гэгддэг нэр сайтай нэгэн.

“Оргил”-ыг улс төржүүлдэг хэсэг бүлгийнхэн бий. Харин түүний хувьд улс төрөөс ангид бизнесмэн учраас тус төвийг цоо шинэ менежментээр ажиллуулж чадна гэсэн итгэлийг тэр өнгөрсөн уулзалтаар ажилчиддаа өгч чаджээ. Ажилчдын хэлж байгаагаар Д.Ганбат захирал ажилчидаа халж солих байтугай өргөтгөл барих төлөвлөгөө ярьсан нь халаа сэлгээнд өртөх нь гэсэн айдастай эмч ажилчдыг бага ч болтугай тайвшруулсан сурагтай. Харин удирдах багийг солих бөгөөд эмч мэргэжилтэй өөрийн хамаатан садны хүмүүсээ томилох хүсэлтээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногоос “Оргил”-ын шинэ эзэн сувилал дээрээ суурьшин ажиллаж эхэлжээ. Энэ төвийг ажиллуулах нь түүний хувьд бизнес гэхээсээ илүүтэй мянгаад ажилтантай компанитай түүний хувьд нийгмийн хариуцлага гэж үзэж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлэв. “Металлимпекс” компани хэдэн хэдэн охин компанитай, 900 гаруй ажилтантай томоохон компани юм.


АНДУУРСАН ТЕНДЕРИЙН ЗАР

Ямар ч төрийн өмчийн байгууллагыг хувьчлахын өмнө заавал өдөр тутмын сонин дээр тендерийн зар заавал тавигдсан байх шалгууртай. Энэ журмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Оргил рашаан сувилал”-ын зарыг сонин дээр хамгийн сүүлд гаргасан тендертээ “Үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй” гэсэн болзлыг авч хаясан байдаг. Ингэснээр өмчлөөд авчихвал юу дуртайгаа хийх нь гэсэн хардлагыг төрүүлж ажилчид нь эсэргүүцлээ илэрхийлж хэвлэлийн хурал зарлахад хүргэсэн юм. Энэ талаар Төрийн өмчийн хорооноос хэвлэлийн алдаа гарсан гэдгийг ажилчидтай нь уулзахдаа учирлажээ.

Өөрөөр хэлбэл тендерийн заалтнаас дээрх үгс хасагдаагүй юм байна. Энэ талаар ч нээлттэй дуудлага худалдааны ялагч эрхэм Д.Ганбат  “Оргил рашаан сувилал”-ыг ажилчидтай өнгөрсөн баасан гаригт  уулзахдаа дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тендерийн гэрээнд хэд хэдэн хатуу заалт бий. Түүний нэг нь тус сувиллыг бусдад худалдсан ч үйл ажиллагааны үндсэн чиглэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт юм.  Мөн мэргэжлийн боловсон хүчнийг хоморголон халахгүй байхыг тусгажээ.


“ОРГИЛ”-ЫГ ХУВЬЧЛАХ АШИГ СОНИРХЛЫН ТҮҮХ

2006 он хүртэл ЭМЯ-ны харьяа "Рашаан Судлалын Үндэсний Төв"-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байх үеэс хувьчлах тухай яриа үүссэн гэдэг. Тухайн үед эсэргүүцэж Эрүүл мэндийн яамны харъяа байсныг зуун хувь төрийн мэдэлд шилжүүлсэн гэсэн яриа бий.  

2014 онд анх хувьчлагдах сургаар тус төвийн санхүү уналтанд оржээ. Тухайн үед дарга нарын халаа сэлгээ ид явагдсан, менежмент алдагдан шалтгаанаар бүтэн жилийн хугацаанд 20 гаруйхан сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан түүх бий. Харин сүүлийн хоёр жил үйл ажиллагаа нь эрчимжиж энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 60-аад сая төгрөгийн ашигтай ажиллажээ 

ТӨБЗГ-аас гурав дахь удаагаа зохион байгуулж байж тус сувилал эзэнтэй болж буй.  Анх 2015 оны 11 сарын 25-нд дуудлага худалдаа зарлажээ. Тухайн үед дуудлага худалдааны анхны үнийг 15 тэрбум 26 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд нэг ч аж ахуйн нэгж, хувь хүн оролцох саналаа ирүүлсэнгүй. Дараа нь буюу өнгөрсөн есдүгээр сард дуудлага худалдаа зарласан ч хэн оролцох хүсэлтээ ирүүлээгүй ажээ. Анх дуудах үнэ нь 13 тэрбум 525 сая төгрөг болж буурсан байдаг. Сүүлд тус дүнгээс дахин арван хувь бууруулж дууджээ.

Үнэндээ “Оргил” рашаан сувиллыг хувьд шилжүүлэх талаарх яриа үүсэх болгонд ажилчид нь эсэргүүцсээр ирсэн. Сүүлд гэхэд тус сувиллын ажилчид 118 ажилтанд нэг удаагийн нөхөн олговор буюу бүтэн жилийн цалинг олгохыг шаардсан юм. Тэд  хувьд гарч “эзэнтэй” болсноор төрөөс авдаг нэмэгдэл, урамшуулал мөн төрийн албан хаагчийн авдаг тэтгэврийн 36 сарын тэтгэмжээс “мултарч” байгаа учраас нөхөн төлбөр олгох ёстой гэж үзжээ. Тэтгэвэрт гарах ажилтан гэхэд дунджаар 30 сая төгрөг хүртэх ёстой ч ийнхүү хувийн өмч болсноор энэхүү урамшуулалаа авах боломжгүй болж байгаа юм. Энэхүү нөхөн олговрыг олгох эсэхийг Засгийн газар шийдвэрлэх ажээ.


НИЙСЛЭЛДЭЭ РАШААН СУВИЛАЛТАЙ ЦӨӨХӨН ХОТЫН НЭГ УЛААНБААТАР

Манай орон бол нийслэл хот дотроо рашаан сувилалтай цөөн орны нэг. Харамсалтай үүгээрээ бахархах, бодлогоор дэмжихийн оронд үе үеийн засагт  мөнгө ашиг сонирхол болж  харагдсаар ирсэн нь нууц биш.

Анх 10 гаруй га газрыг хамарч байсан тус сувилал газраа булаалгасаар зургаан га газрыг л эзэмшдэг. Одоог хүртэл “Хан рашаан”  компани 3112 метр газрыг хууль бусаар авсан хэргээр газрын маргаан үргэлжилж буй.  Үүгээр ч зогсохгүй рашаан савладаг 50 гаруй метр газрыг барилгатай нь авчихсан үйл ажиллагаагаа явуулж  байна. Тухайн үед  Сангийн сайд Б.Болор тус газрын зөвшөөрлийг өгсөн гэсэн мэдээлэл бий.

Мөн тус рашааны цэвэр усны нөөцийн газар дээр Оргил сургууль сүндэрлэн байгаа. Ажилчдын зүгээс тус сургуулийн барилгын ажлыг явуулахгүйн тулд хундааманд нь орж краныг нь зогсоож байсан ч үр дүнд хүрээгүй билээ. Мөн рашааны бүсэд барьсан зарим орон сууцны хундаамнаас их хэмжээний рашаан гарсан тохиолдол ч бий. Сүүлд хийсэн судалгаагаар тус сувиллын рашааны төмөр, нүүрс хүчлийн хий түүнийг дагасан микро элементүүд буурсан үзүүлэлттэй гарчээ.