Төгсөлтийн ойн баяраараа наргиж цэнгээд өнгөрөх бус нийгэмдээ тустай ажил өрнүүлэх хандлага сүүлийн үед дэлгэрэх болсон билээ. 

Үүний тод жишээ бол энэ жил төгсөлтийн 20 жилийн ойгоо тэмдэглэж буй Увс аймгийн 1999 оны төгсөгчид юм.

Тухайн жил Увс аймагт 800 гаруй сурагч арван жилийн сургуулиа төгссөн байна.  Тэд нэгдэн “Цэнхэр хязгаар” ТББ байгуулан ажиллаж, олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.

Энэ ажлын хүрээнд 1999 оны төгсөгчид Гиваан баатарын талбайд “I love Ulaangom” бүтээлийг 6 сая төгрөгөөр хийлгэн байрлуулсан байна. Увс аймаг энэ жил аялал жуулчлалыг хөгжлийн тулгуур болгон зарласантай холбогдуулан энэхүү ажил ирж буцах хүмүүсийн зургаа авахуулах дуртай газар болно гэдэгт төгсөгчид хэлж байлаа. 

Мөн аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт “Эмгэг нярайн эмчилгээний өрөө”-г 15 сая төгрөгөөр иж бүрэн тоноглолтойгоор тохижуулжээ. Тус аймгийн хувьд сүүлийн жилүүдэд эх, нярайн эндэгдэл гарах нь буурсан ч нярай дутуу төрөх тохиолдол буурахгүй байгаа учраас энэхүү буянтай үйлсийг төгсөгчид өрнүүлсэн нь энэ аж.