2008 оны эдийн засгийн хямрал дахин болно, гэхдээ энэ удаад илүү хүнд хэлбэрээр эргэн ирэх тухай олон улсын эдийн засагчид анхааруулах болов. Товчхондоо бол “Lehman Brothers” банк дампуурсантай адил хэмжээний, магадгүй түүнээс ч их хохирол учирч болзошгүй аж. Уншигчд танд 2008 онд “Lehman Brothers” компанид тохиолдсон явдлыг эргэн сануулъя.

“Lehman Brothers” бол АНУ-ын 100 гаруй охин компанитай, 640 тэрбум ам.долларын активтай банк. Тус банк 2008 оны есдүгээр сарын 11-нд XI зэргийн дампуурлаа зарлаж, улсаас туслалцаа хүсжээ. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их буюу 620 тэрбум ам.долларын өрөнд орсон явдал байв.

“Lehman Brothers” хөрөнгө оруулалт хийхийн тулд их хэмжээний мөнгө зээлсэн нь дампууралд хүргэсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Тэд амины орон сууцад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар уг салбар уруудахад, эдийн засгийн эмзэг байдалд оржээ. 2007 оны наймдугаар сард “Lehman”хоёрдугаар зэрэглэлийн зээл олгогч BNC Моргейжийг хааж, 1200 ажлын байр үгүй болж, компанийн үнэ цэнэ нь 27 сая ам.доллараар буурчээ. Тухайн үед фирмийн зүгээс “Моргейжийн зах зээлийн нөхцөл таагүй байгаа нь эх үүсвэрээ багасгах зайлшгүй шаардлага гарч ирсэн” гэсэн аж.

Хоёрдугаар зэргийн ипотекийн хямрал үргэлжилсээр байсан тул “Lehman” урьд өмнө үзэгдээгүй их хямрал амсжээ. 2008 оны хоёрдугаар хагаст 2.8 тэрбум ам.долларын алданги хүлээж, нэмэлт хөрөнгөө зургаан тэрбумаар өсгөхөөр шийджээ. Зээлийн зах зээл хумигдсанаар мөн оны эхний хагаст гэхэд л хувьцааных нь үнэ 73 хувиар буурсан аж. Ингээд наймдугаар сард ажиллах хүчээ зургаан хувиар буюу 1500 хүн цомхтгохоо мэдэгдсэн.

Barclays есдүгээр сарын 22-нд “Lehman Brothers”-ийг 1.3 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Зээлийн захыг дайрсан цүнамигийн ганц хохирогч нь “Lehman Brothers” болсон юм.

2008 оны есдүгээр сарын 28-нд Дов Жонесийн индекс 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа анх удаагаа нэг өдрийн дотор -7.0 хувьтай хаагджээ. “Lehman”-ы хямрал худалдааны үл хөдлөхийг үнэгүйдүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байв. . Тухайн жил АНУ-д нийт 2.5 сая хүн ажилгүй болсон гэсэн статистикийн мэдээ бий. “Lehman”фирмийн дампуурал Япон, БНХАУ, Тайвань, Хонконг, БНСУ тэргүүтэй Азийн орнуудад шууд нөлөөлсөн Эдгээр орны томоохон бенчмаркуудын индекс дөрвөөс илvv хувиар ухарсан юм. БНСУ-ын хамгийн том банк “Kookmin Bank”-ийн хувьцааны ханш 7,5 хувиар унаж 55600 вон болсон. Тус улсын Санхvvгийн vйлчилгээний хорооноос мэдээлснээр компаниуд хар ням гаригийн өмнөхөн “Lehman brothers”-т 720 сая ам.долларын хөрөнгө оруулсан байжээ.