Сансарт хүүхэд төрөх тухай мэдээлэл анхны сэтгэгдлээр шар хэвлэлүүдийн зохиомол мэдээ шиг санагдах боловч энэ нь Нидерландын “SpaceLife Origin” компанийн боловсруулсан бодит төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хүн төрөлхтнийг өөр гарагуудыг “колоничлох” үйл явцад ойртуулж магадгүй аж. 

Тус компанийн ерөнхий захирал Кес Малдер Америкийн Калифорни муж улсад болсон “Harvest”  хэмээх инновацийн дээд хэмжээний уулзалтын үеэр илтгэл тавихдаа, 2024 он гэхэд сансарт хүүхэд төрөх боломжтой болно гэдгийг итгэлтэйгээр мэдэгджээ. 

“SpaceLife Origin” компанийн мэргэжилтнүүд 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гурван томоохон төслийг нэгэн зэрэг танилцуулсан байна. Эдгээр төсөл хөтөлбөр нь Ангараг гараг болон Саран дээр хүмүүсийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлснээр ирээдүйд “колончилох” үйл явцын үндэс суурийг тавих ёстой ажээ. 

“Ark” буюу “Эртний модон хөлөг онгоц” гэж нэрлэсэн эхний хөтөлбөрийн гол зорилго нь хүний “амьдралын үр”-ийг сансарт хадгалах юм. Тус компанийн мэргэжилтнүүд хүний үр хөврөлийн эсүүдийг тусгай хамгаалалттай хуруу шилэнд хадгалахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ төслийг 2020 онд эхлүүлнэ. 

Хоёр дахь хөтөлбөрийг мэргэжилтнүүд “Lotus” буюу "Бадамлянхуа" гэж нэрлэжээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь 2021 онд тойрог замд үр тогтоох юм. Ингэхдээ сансарт бэлгийн харилцаанд орох замаар бус хиймэл аргаар тогтоох аж. Нидерландын компанийн мэргэжилтнүүд үр хөврөлд зориулж сансрын инкубаторыг хэдийнээ бүтээж эхэлжээ. 

Гурав дахь хөтөлбөр бол 2024 онд сансарт анх удаа хүүхэд төрүүлэх зорилго бүхий “Cradle” буюу "Өлгий" хөтөлбөр юм. Бүх үйл явц дуусч, аюулгүй байдлыг шалгасны дараа эмэгтэйчүүдэд үр тогтоож, тойрог замд хүүхэд төрүүлэх ёстой байна. Гэхдээ чухам хаана төрөх нь тодорхойгүй байгаа бөгөөд холландчууд ямар нэг сансрын станц хайж байгаа бололтой. 

Төрөх үйл явцыг дэлхийн гадаргуугаас 400 км-ын өндөрт явуулахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд хэрхэн сансарт очих нь бас тодорхойгүй байна. 

Одоогийн байдлаар “SpaceLife Origin” компанийнхан сансарт мэндлэх анхны хүүхдийг тээж төрүүлэх сайн дурын эмэгтэйчүүдийг хайж байгаа аж. Ийм эмэгтэйчүүдэд тавих гол шаардлага нь хоёр хүүхэд төрүүлсэн, эрүүл чийрэг байх ёстой.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Vesti