Улаанбаатараас Замын-Үүд рүү зорчиж явсан 45 хүний суудалтай том оврын автобус өчигдөр Замын-Үүд сум руу орох хаалгыг мөргөн ослын улмаас хоёр хүн нас барж, 35 хүн гэмтсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Ослоос хоёр хүн амь насаа алдсан бол, 3 хүний биеийн байдал маш хүнд Замын-Үүд сумын эмнэлэгийн сэхээний тасагт эмчлүүлж байсан юм. Энэхүү 3 хүнийг цагийн өмнө нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар руу илгээсэн ажээ.

 

Бэртсэн хүмүүсийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад:

"Өчигдөр орой 37 өвчтөнийг  эмч нарын хамт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатарт авч ирсэн. Өнөөдөр өглөө ирсэн өвчтөнүүдийг ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинууд авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж,  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй. Харин 4 өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцлаа. Ихэнх нь хугарал, урагдалтай ирсэн, хэвтэн эмчлүүлж байна" гэлээ.
Замын-Үүд суманд байгаа 3 өвчтөнийг авахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч нисдэг тэргээр орон нутгийг зорьсон. Өнөөдөр 17:00 цагт Улаанбаатарт газардах юм.

Ослыг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зүүрмэглэсэн байж болзошгүй гэж үзжээ.