УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөс нааш УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын даргыг огцрохоос нааш чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн 40 гишүүн гарын үсэг зураад байна. Энэ парламентийн нэр хүнд түүхэн байгаагүйгээр доройтож байна. Энэ үед 60 тэрбумын хэрэг, дээрээс нь Төрийн банкны хэрэгтэй холбогдсон байгаа М.Энхболд гэдэг хүнээр УИХ удирдуулаад цаашаа явах боломжгүй. УИХ-ын дарга огцорсноор парламент тарахаас аврагдаж, Монголын төр тогтвортой болж, Ардчилсан Үндсэн хуулиа хамгаална гэж бид үзэж байна" хэмээн ярилаа. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй удаад байсан юм. Гэвч үүний дараа дээрх гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдээлэл хийлээ.