Түүнийг А.Мэнд-Орших гэдэг. Залуус Нью Медиа Группийн үүсгэн байгуулагч гэдгээр нь мөн www.erxes.mn төслөөр нь андахгүй сайн мэднэ. Монголын мэдээлэл технологийн салбарт цахиур хагалж яваа залуусын нэг түүнийг "Бизнес философи" буландаа урьлаа. Доор хүүрнэх түүх бол А.Мэнд-Оршихын амьдралын философи, амжилтын түлхүүр болсон үгс юм.



Боловсролын хөөсрөл


Тэр бол их сургуулиа төгсөөд Америкт суралцахаар явсан монгол залуусын нэг. Эхлээд  Лос Анжелост очжээ. Коллежид суралцан хэлээ сайжруулахын хажуугаар гурван ч ажил хийж амьдрал хүсэл мөрөөдлийнхөө төлөө 4-хөн цаг унтаж байсан урт өдрүүд. Энэ хугацаанд чамгүй ажиллаж тийм их биш ч боломжийн мөнгө хураасны дараа тэр Бостонг зорив. Бостонд ирээд 2 жил шахам болжээ. Ингээд UMass Boston их сургуульд /University of Massachusetts Boston/ магистрын бэлтгэл ангид оров. Эхний семистртээ сууж эхлээд л сургуулиа хаяхаар шийдсэн байна.  

“Ер нь бизнес хийж үзээгүй байж бизнесээр сурна ч гэж юу байхав” гэсэн бодол бас цээж дүүрэн мөрөөдөл нь түүнийг зүгээр суулгасангүй. Ангийнх нь оюутнуудын ихэнх нь хэдийнэ бизнесийн тогоонд чанагдаад үзчихсэн хашрууд байсан нь ч нөлөөлсөн нь лавтай. Дахин хэдэн жилийг алдаж байснаас хурдан Монголдоо очиж өөрийн бизнесийг эхлүүлэе гэж бат шийджээ.  Тэнд тэр олон зүйлийг ойлгосон. Үүний нэг нь монголын нийгмийн боловсролын хөөсрөлд автсан гэдгээ ухаарсан явдал байв. 

Гэхдээ энд бичиж байгаачилан сургуулиа орхих шийдвэр гаргах тийм ч амархан зүйл биш ээ. Итгэж найдаж хүлээсэн гэр бүлийнхэндээ сургуулиа хаяад ирлээ гэж хэлэх амархан гэж үү. Гэвч хүсэл зориг гэдэг эд хүлээсэнд байдаггүй дураараа зүйл билээ. Ирэнгүүтээ буюу 2010 онд тэр “Нью Медиа Групп”-ийг үүсгэн байгуулсан байна. Тухайн үед монголд мэдээлэл технологийн салбарын үнэлэмж тун тааруу байсан цаг. Байгууллагууд гэхэд вэб хуудсаа онлайн танилцуулга хэлбэрээр ашиглаж байснаас биш twitter, facebook-ээр маркетинг хийх ойлголтын сураг ч үгүй үе. Ингээд гадны зах зээл рүү чиглэхээр шийдсэн байна. Өнөөдөр  тэрээр 100 гаруй залуусыг зангидан баг болгон ажиллуулж байна. 



“Хархны тойрог”


Энэ бол түүний олж нээсэн хархны тойрог. Залуу хүн болгон үүнийг эртхэн мэдээсэй гэж тэр хүсдэг. Лос Анжелос, зугаа цэнгэлийн гэгддэг энэ их хотод түүнд зугаацах зав байсангүй. 

Үүрийн 4 цагт босч 2 цаг автобусаар явсаар солонгос эзэнтэй цэцгийн дэлгүүрт ажиллана. Эртлэн очиж дэлгүүрээ нээн, өчигдрийн үлдээсэн цэцгийн усыг сольж, унасан хатсан навчийг цэвэрлэх, шилэн саваа өөгүй болтол угаах гээд түүний ажил 8 хүртэл үргэлжилдэг. Харин дараа нь 9 цагт Беверли Хиллс дэх еврей эзэнтэй шоколадны дэлгүүрийг зорино. Шокалад үйлдвэрлэгч улсаас тусгай савлагаатай ирэх цэвэр шоколадыг хайлуулж орц жорыг нэмэн хараа булаам сайхнаар чимэглэх нь түүний үндсэн ажил. Ур дүй шаардах ч сэтгэл гарган хийсэн амттанг нь дэлхийн алдартнууд, холливудын одод зооглодог тул энэ ажил нь муугүй санагдаж байлаа. Дараа нь 13-16 цагийн хооронд хичээлдээ явна. Хичээлээ тараад шөнө 00 цаг хүртэл машин тавьдаг ажил хийнэ. Тэнд жирийн суудлын машинаас эхлээд тансаг зэрэглэлийн “тэнгэрийн үнэтэй” машинуудыг хүртэл унаж үзжээ. 

Лос Анжелос дахь сурч, ажиллахыг амжуулангаа их сургуулийн төлбөрөө хурааж үдсэн завгүй өдрүүд. Яг л нэг хэмнэлд орчихсон өдрүүдээ тэрээр “Хархны тойрог” гэж нэрлэжээ. Туршилтын хулганууд шилэн хоргон дахь зам дээр хичнээн гүйвч үнэндээ ганц ч урагшилдаггүй байрандаа л эргэлддэгтэй л зүйрлэсэн хэрэг. Ингээд л А.Мэнд-Орших "хархны тойрог"-оосоо гарахаар шийдсэн юм.



Хурдан алдаад хурдан бос


Тэр таван ч том төслийг хийх гэж бүтэлгүйтсэн. Эхнийх нь www.peepp.com. Зураг оруулж бусадтайгаа хуваалцдаг энэ бүтээгдэхүүн ижил төстэй Инстаграмд ялагджээ. Учир нь инстаграм  тэднээс урьтаж 1,5 сая доллар босгож дэлхийд танигдсан юм. Дараа нь  www.mogul.io бүтээгдэхүүнийг гаргажээ. Энэ бол хамгийн хялбараар цахим хуудас бүтээх шийдэл байв. Дараа нь 21 дүгээр зууны захирлуудад зориулсан www.teamon.ly-ийг бүтээжээ. Давуу тал нь үүгээр дамжуулаад байгууллагынхаа бүх хүмүүсийн төрсөн өдөр, хаяг харилцаа, хобби, төрсөн өдрийг нь хүртэл тандах боломжтой. Зарим газрууд www.teamon.ly-ийг хэрэглэсээр байгаа. Үнэндээ эхний 2 ажил дээрээ л цөм авна гэж эндүүрсэн нь үнэн. Хүлээлт өндөр хэрээр хөрсөнд дээр хатуу газардана. Эхлэх амархан ч хамаг шилдэг инженерүүдээ сойсон ажлаа, оруулсан хөрөнгөө, цаг хугацаагаа салхинд хийсгэх шиг хэцүү зүйл үгүй. Одоо ч тэд гарааны компаниудын бизнесийн хурдасгуур  Techstars ба Y Combinator-руу тэмүүлсээр төслөө өгсөөр л яваа. Үүний ачаар л монгол гэж дэлхийд танигдах учиртай юм.

Энэ бүх алдаа, бүтэлгүйтлийн түүх түүнд олон зүйлийг ойлгуулжээ. Юун түрүүнд “Өөрийнхөө хийж чадах зүйлийг тултал нь хий. Үр өгөөж нь богино хугацаанд ирнэ гэж битгий найд” гэсэн философийг утгаар нь ойлгуулсан байна. 

Одоо тэрбээр “Эрхэс” төсөл www.erxes.mn төсөл дээрээ төвлөрөн амжилттай ажиллаж буй. Тэд ийнхүү удтал өөрсдийгөө боловсруулсны эцэст одоо “ичээнээсээ” гарч, ирэх сарын 28-29-нд тэд Сингапурт болох Азийн мэдээлэл технологийн шилдэг 100 компанийн уулзалтанд явж хөрөнгө оруулалт авах том боломжоо эрэлхийлэх гэж байна.  Startup Mongolia-аас зохион байгуулсан Монгол Улсын шилдэг 10 стартап компани өөрсдийн питч-г шүүгчдэд танилцуулан азийн шилдэг 100-д багтахаар өрсөлдсөн энэ юм.

Тэд мөн ирэх сард Тайванид болох InnoVex, мөн Сиднейд болох  Launch Festival-ийг зорихоор төлөвлөжээ.  Хэрэв тэд хөрөнгө босгож чадвал энэ нь зөвхөн өөрсдийн амжилт болохгүй. Учир нь А.Мэнд-Оршихын багийнхан монгол залуусынхаа мөрөөдөлд нь үлгэр дуурайлал болохыг хүссэн том мөрөөдөл тээж яваа.



Өвөөгөөс өвлөгдсөн үнэт өв


Энэ бол түүний бас нэгэн философи. Яагаад эсрэгээрээ байх ёстой гэж. Аливаа зүйлийн үнэ цэнэ гаднаа биш дотроо байх ёстой гэсэн түүний ойлголт билээ.

1995 оны үед ээж нь гэртээ pentium-3 компьютер худалдан авсан нь түүний амьдралыг өөрчилсөн гэж болно. Илүү хэрэглээ битгий хэл нийгмээрээ идэж уух нь хүртэл хомсодсон тэр үед ээжийнх нь авч өгсөн зүйл ховрын бараа, нүдний гэм болсон зүйл байв. Энэ цагаас хойш тэр компьютертэй дотно нөхөрлөжээ.

Харин өдгөө тэрбумаар үнэлэгдэх компанийг удирддаг тэрбээр хуучны загварын Hyundai галлопер машин хөлөглөдөг ажээ. Зарвал сайндаа л 1,5 сая төгрөгөөр зарагдах энэ машин нэгдүгээр үеийн бензин 6V хөдөлгүүртэй. Түүний хувьд юунаас ч үнэ цэнэтэй энэхүү тэргийг өвөөд нь аав нь бэлэглэж байсан түүхтэй. Хожмоо өвөө Ж.Нямсүрэн нь түүнд бэлэглэсэн нь үе дамжсан үнэт өв мэт санагддаг ажээ. Үнэндээ тансаг зэрэглэлийн машин аваад уначих боломж мэдээж бий. Гэхдээ түүнд ийм сонирхол байдаггүй. Америкт машин тавьдаг ажил хийж үзсэн нь түүнийг нь материаллаг сэтгэлгээнээс ангижруулсан хэрэг. Гэхдээ түүний ажлын багаж зэвсэг болсон компьютер нь машиныг 5 дахин нугалсан үнэтэй. 

Гарааны бизнесийнхэнд хөрөнгө оруулахдаа гар татдаг хэрнээ 500-600  сая төгрөгийг морь мал, хөөрөг, хэт хутга, том машинд мөнгөө харамгүй зардаг хүмүүсийг тэр огтхон ч ойлгодоггүй. Угтаа энэ зуунд өгөөжөө өгөх нь мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулж шинэ цагийн залуусыг дэмжээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл тэдэнд, энэ салбарт маш их боломж ирээдүй тосон гэрэлтэж буйг тэр мэднэ. Тиймдээ ч яаж ч баяжлаа ч брэндийн хувцас ярьж, Зайсанд байр авч, тансаг зэрэглэлийн автомашинд дурлахгүй хэмээн даруухан өгүүлсэн билээ.