Ирэх сард 51 нас хүрэх Япон довтлогч Казуёши Миура нутгийнхаа 2 дугаар лигийн Йокохама клубтэй шинэ гэрээ байгуулжээ. Ингэснээр "Хаан Казу" хочит Миура 33 дахь улиралдаа мэргэжлийн хөлбөмбөгийн лигт тоглохоор болж байна.

Түүний хувьд анх 1986 онд Бразилийн Сантос клубээс гараагаа эхлүүлж 15 клубт тоглосон бөгөөд Италийн Женоа, Хорватын Динамо Загреб гэх мэт Европын шилдэг клубуудэд тоглож байсан юм. Шинэ гэрээ байгуулсан Миура:
"Энэ улиралд талбайд гарч тоглохоор болсондоо баяртай байна. Би тамирчны хувьд үргэлж өсч, дэвжихийн төлөө байж, сэтгэл зүрхнээсээ хичээж ирсэн" хэмээжээ.

Миура Японы шигшээ багт 89 тоглолтонд оролцож, 139 гоолыг Японы дээд лигт оруулжээ. 1993 оны Азийн шилдэг тамирчны шагнал хүртэж байсан тэрээр анх 15 настайдаа Бразилийг зорьж, Сантос клубын хүүхдийн багт нэгдэж улмаар үндсэн баг руу нь дэвшин гарч чадсан гайхалтай түүхтэй тамирчин билээ.