Өнөөдөр Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх Захирал Ноён Нихил Рати, Лондонгийн хөрөнгийн бирж группийн Европын бүсийн Анхдагч зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хатагтай Аюуна Нечаева, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ноён Филипп Малоне нар Монголын хөрөнгийн биржид зочилж, 5916 удаагийн арилжааг нээж цан цохилоо. 

Тус уулзалтын үеэр МХБ болон ЛХБ-ийн хамтын ажиллагаа сүүлийн 8 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжиж, томоохон ахиц дэвшлүүд гарсныг дурджээ.

Мөн цаашид Лондонгийн болон Монголын хөрөнгийн зах зээлд давхар бүртгэл хийх замаар шинэ бүтээгдэхүүнүүд бий болгох, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, Монголын хөрөнгийн зах зээлийг Лондон дахь хөрөнгө оруулагчдад сурталчлах, дотоодын мэргэжлийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зэрэг олон чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хоёр талаас илэрхийллээ. 

Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржтэй 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ажлын мастер гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Гэрээний хүрээнд хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэ техник, технологи суурилуулах, МХБ-ийн зохистой бүтэц, засаглалыг бий болгох, дотоодын мэргэжилтнүүдийг чадавхижуулах гэсэн үндсэн зорилтуудын хүрээнд шат дараалсан үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлж, дорвитой үр дүнд хүрсэн билээ. 

Зах зээлд шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор дэлхийн 20 гаруй улсын 30 орчим хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг "Миллениум Ай Ти" цогц системийг нэвтрүүлсэн нь үнэт цаасны арилжаа технологийн хамгийн өндөр түвшний аюулгүй байдлыг хангах, хөрөнгө оруулагчдад ханшийн бодит цагийн мэдээлэл хүргэх, зохицуулах байгууллагын зүгээс арилжаанд бодит цагийн хяналт тавих, үнэт цаасны компаниуд төдийгүй хөрөнгө оруулагчид зайнаас онлайнаар арилжаанд оролцох, ахисан түвшний функц, захиалгын төрлүүд, дуудлага арилжааны горим, багцын арилжаа зэргийг ашиглах боломжийг бий болгосноор үнэт цаасны арилжааг шинэ түвшинд гаргаж хөгжүүлсэн билээ. 

МХБ Лондонгийн хөрөнгийн биржийн Академийн сургалтанд дотоодын зах зээлийн 120 гаруй мэргэжилтнийг хамруулжээ.

Цаашид, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дотоодын зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах, өмч хувьчлалыг хэрэгжүүлэх, дотоодын компаниудад хөрөнгө босгоход туслалцаа үзүүлэх, зах зээлийн чадавхийг бэхжүүлэхэд Лондонгийн хөрөнгийн биржийн байр суурь, оролцоо чухал болохыг талууд онцлон тэмдэглэв.