АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Тусгай зөвшөөрөл олгохдоо албан тушаалаа ашигласан байж болзошгүй

  • Ашигт малтмал,газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчин албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлд 
  • Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмэгдүүлж түүнийгээ нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 
  • Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтанэрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хууль тогтоомжийг илтэд зөрчиж хууль бус шийдвэр гаргасан,  хандив нэрээр компаниудаас бэлэн мөнгө авч хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд
  • “Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх замаар удаа дараагийн үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх үйлдэлд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хураагдсан модыг хувьдаа завшжээ

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл

  • Улсын тусгай хамгаалалттай газрын албан тушаалтан Ц гэгч нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгалийн цогцолбор газарт амарсан амрагч, аялагчдаас оруулсан орлогоос  тодорхой хувийг завшсан, зөвшөөрөлгүй тээвэрлэгдэж, хураагдсан модыг бусдад худалдаж завшсан, байгалийн цогцолбор газарт ойд мод арчилгааны зориулалтаар мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлалгүйгээр хувь хүмүүст мод бэлтгэлийн ажлыг олгож, хууль бусаар бэлтгүүлсэн гэх үйлдэлд 
  • Ховд аймгийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газарт  нэр бүхий иргэдэд нөхөн сэргээлтийн эрх авч өгнө гэж урьдчилан амлан албан тушаалын байдлаа ашиглан хахууль авсан, мөн аймгийн хурлаар төсөв батлуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд
  • “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ. 

Тендерийг хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулжээ

Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл

  • УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан  гэх хэргийг 
  • “Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргийг 
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэргийг 
  • Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар нь 2017 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлээд байна. 

З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгожээ

Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, түүнийгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг 1 хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн "Бэрэн групп" ХХК-иас  972.448.955 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. 
  • Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нь ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.141.800.000 төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн.