Энэтхэгийн Хайдерабад хотод амьдардаг 7 настай Саманью Потхуражу гэдэг хүү Африк тивийн хамгийн өндөр уул болох Килиманжарод авирсан тухай "NDTV" телевиз өнөөдөр мэдээллээ.
 
Килиманжаро уул нь хэд хэдэн оргилтой бөгөөд тэдгээрээс хамгийн өндөр нь болох далайн түвшнээс 5895 метрийн өндөрт орших Ухуро гэдэг оргилд Саманью хүү авирч гарсан байна. Авиралт 3 дугаар сарын 29-нд эхэлж, 4 дүгээр сарын 2-нд дуусчээ. Жаалхүү оргил дээр Энэтхэгийн төрийн далбааг мандуулсан байна.

“Бороотой өдөр байлаа. Надад бага зэрэг аймшигтай санагдаж байсан. Хөл өвдөж байсан учраас би замын талд ороод амарсныхаа дараа оргилд хүрсэн” хэмээн уулчин хүү ярьжээ.
 
Оргил руу гарах үед нь хүүг түүний ээж, дасгалжуулагч болон өөр нэгэн уулчин дагалдан явжээ.
 
Одоо Саманью Австралийг зорьж, тивийн хамгийн өндөр уул болох Косцюшко-д авирах бодолтой байгаа аж. Түүний ээжийн сэтгүүлчдэд ярьснаар бол, Саманью өөрийн үеийн хүүхдүүдийн дундаас оргилд гарсан тоогоор дэлхийн дээд амжилт тогтоохыг мөрөөдөж байгаа гэнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг