Гар цүнхний нэрт дизайнер Жудит Лейбер өнгөрсөн бямба гарагт, 96 насандаа таалал төгслөө. Түүнийг хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээс хэдхэн цагийн өмнө 72 жил ханилсан нөхөр, абстракт зураач, 97 настай Герсон Лейбер нь дэргэд нь байж байгаад нас барсан аж. Тэд Нью Йоркийн Спрингс дахь гэртээ сүүлчийн хормоо хамт өнгөрөөжээ. 

Хосын намтарч, хэвлэлийн төлөөлөгч Жеффри Суссман The New York Times-д тэднийг зүрхний шигдээс өвчнөөс болж өөд болсныг нь дуулгасан юм. Ноён Суссман хос хоёрыг “90 гаруй настай Ромео, Жульетта хоёр. Хэн нь ч нэг нэгэнгүйгээр амьдрахыг хүсээгүй” хэмээн тодорхойллоо.

Жудит, Герсон хоёр Дэлхийн II дайны дараа танилцсан. Жудит Марианна Пета Унгарын Будапешт хотод мэндэлж, залуу наснаасаа гар цүнх хийж эхэлсэн. Жудитийн гэр бүлийнхэн Еврей хүмүүс байсан ч армийнхны дүрэмт хувцсыг оёж хорих лагер луу илгээгдэхээс аврагдсан гэнэ. 

Герсон нь Европт алба гүйцэтгэж явсан Америкийн цэрэг байсан бөгөөд энэ үеэрээ Жудиттэй танилцаж 1946 онд хуримласан байна. Удалгүй тэд Герсоны төрсөн газар болох Нью Йоркийн Бруклин руу нүүж, тэндээ суурьшжээ. Хос хоёр хүүхэдгүй. 

Жудитийн бяцхан, тун хээнцэр, гоёлын гар цүнх түүнийг нэр алдарт хүргэсэн. Түүний бүтээлүүд Холливуд болон нэр алдартнууд цугласан өөр хаа газар маш алдартай. Ялангуяа улаан хивсний ёслолуудад Жудитийн гоёмсог цүнхнүүд байхгүй бол хорвоо эргэдгээрээ эргэхээ больсон мэт л байдаг аж. 



From the corner of my eye #JudithLeiberCouture #LeiberPets

A post shared by Judith Leiber (@judithleiberny) on





Жудит цүнхний хэд хэдэн үйлдвэрт ажилласаар 1963 онд өөрийн гар цүнхний “хаант улсыг” булан шахуу газар байгуулсан. Тэрбээр компаниа 1993 онд худалдаж, түүнээс хойш таван жил цүнхний загвар бүтээгээд 77 насандаа тэтгэвэртээ гарчээ. 

Нөхөр Герсон нь Нью Йоркийн төрх байдлыг харуулсан бүтээлүүдээрээ алдартай бөгөөд эдгээрийг нь “New York’s Metropolitan Museum of Art”, “Brooklyn Museum” болон “National Gallery of Art in Washington” гэх мэт үзэсгэлэнгээс олж болно. Герсоныг жинхэнэ модернист, хэлбэр, техникийг бүх янзаар туршиж, абстракт илэрхийлэлийг нээсэн, энэ чиглэлийн алдартнуудын хамт нэр нь дуурсагдах эрхэм хэмээн тодорхойлсон байдаг.