Завьт эргүүлийнхэн голын эрэг дагуу аялж зугаалж, амарч байгаа иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч байна.
Тэд өнгөрсөн 7 хоногт Баянзүрх гүүрний дээд талд Туул голын салаа дотор Т.Батсайхан гэгч 5 настай хүү эцэг эхээсээ төөрсөн байсныг олж аавд нь хүлээлгэн өгчээ. Мөн Маршлын гүүр орчимд 8 настай хүү голд хөл алдан живж байсныг алба хаагч цаг алдалгүй яаралтай шумбалт хийж амийг нь аварсан байна.

Ойрын өдрүүдэд усархаг бороо орох тул иргэд анхаарна уу

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.