Краудфандинг бол голдуу интернетээр олон хүнээс бага, багаар мөнгө татаж хөрөнгө босгон төслийг санхүүжүүлэх хэлбэр юм.  Энэхүү хэлбэр Indiegogo веб сайт блокчэйн ертөнцөд хөл тавилаа. Жижиг аж ахуй эрхлэгчдийн дунд нэр хүндтэй болсон уг сайт хэвлэлийн бага хурал хийж өөрийн хамгийн анхны токенжуулсан үнэт цаас / security token/ гаргаж арилжаалах гэж байгаагаа зарлалаа. 

Уг токеныг зөвхөн нэг сая доллараас илүү хөрөнгөтэй жилд $200,000 орлого олдог хувь хүмүүст арилжаалах юм байна.

Токен нь Aspen зоос нэртэй байх ба Колорадад байрлах St Regis Aspen Resort- дээд зэрэглэлийн амралтын газрын энгийн хувьцааг токенжуулсан хэлбэр юм. Тус платформыг хэрэглэгчид токенжуулсан хувьцаанд Templum зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх боломжтой.

“Блокчэйн хувьсгал өрнөж байгаа өнөө үед Индигочууд бид токенжуулсан хувьцааны дэлхийг өөрчлөх нөлөө болон боломжийг биширч байна” гэж тус сайтыг үүсгэн байгуулагчдын нэг Слава Рубин /Slava Rubin/ мэдэгдлээ. Цааш нь тэрээр “Бидний зорилго бол компани бүрт анхааралтай хандаж тэдэнд өөрийн сая сая хэрэглэгчтэй өсөн дэвжиж буй сүлжээг ашиглах боломжийг хангах явдал юм” гэж нэмж хэллээ.

2008 онд Рубин өөрийн хоёр найзын хамт бие даасан киног санхүүжүүлэх зорилгоор платформоо бий болгосон бөгөөд өнөөдөр уг платформ 235 орон, газар нутгийн 9 сая гаруй санхүүжүүлэгчтэй болсон байна. Компанийн мэдэгдэж байгаагаар Индиго нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 800,000 гаруй төслийг санхүүжүүлжээ.

Токенжуулсан үнэт цаас нь хэрэглээний болон бусад токентой харьцуулахад хөрөнгө оруулалт босголтонд дундын этгээд, зуучлагчдыг оролцуулахгүй байх, төлбөр шимтгэлийг багасгах, зах зээлд илүү мэдэгдэх /market exposure/ болон хөрөнгө шилжилт үр ашигтай явагдах зэрэг давуу талуудтай юм.