Өдгөө 21 жилийн түүхтэй хүн – номын сан анх 2000 оны зургаадугаар сарын 29-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлж байжээ.  Бүсийн хөгжмийн фестивалийн үеэр зүлэг тойрсон хүмүүс тэнд номын оронд хүнийг зээлдэн авч, уншиж байв. Тухайн өдөр нийт 50 өөр хүмүүс ном болон оролцсон бөгөөд тэдний дунд ислам шашинтан, сэтгүүлч, зогсоол хариуцсан журамлагч, хөл бөмбөгийн багийн дэмжигчид, цагдаа зэрэг хүмүүс хамрагдсан юм.

Тус номын сангийн гол зорилго нь хүмүүсийн дунд нийтлэг тогтсон үзлийг эвдэх, хүнийг харагдах үзэмжээр нь дүгнэхээ болих, хүмүүсийг нийгмийн цөөнхүүдийн талаар илүү ойлголттой болгох аж. “Хүн ном” хэрхэн ажиллах вэ гэвэл, уншигч хүссэн “номоо” сонгож, түүний сонгосон ном 30 минутын турш өөрийн амьдрал, ертөнцийг үзэх үзэл, юу туулж өнөөдрийн энэ “би”-дээ хүрэв гэх мэт зүйлсийн тухай ярьж өгөх ба уншигч хүсвэл дундаас нь асуулт асууж, магадгүй өдөр тутмын амьдрал дээрээ хэзээ ч зориглож мэндчилж чадахааргүй нэгэнтэйгээ ярилцлага өрнүүлэх юм.

Тийнхүү тус номын сан өдгөө дэлхийн өнцөг булан бүрд, тэр ч бүү хэл цар тахлын үед ч цахимаар үйл ажиллагаа явуулж, арга хэмжээгээ зохион байгуулсан бөгөөд тус төслийг санаачлагч Ронни Абергел “хүн – номын сан” арга хэмжээгээ сургуулийн өдөрлөгөөс, хөгжмийн фестиваль, Бангладешаас Бразил хүртэл өргөжүүлж чаджээ.

Түүнчлэн төсөл амжилттай үргэлжлэхийн хэрээр өөрийн түүхийг ярьж, ном болон суух сонирхолтой хүмүүсийн тоо ч нэмэгдэж, нэг ёсондоо “хүн – номын сан” маань номын сэдвээ ч өргөжүүлсэн юм.

Өдгөө тус төсөл хүнийг харагдах үзэмжээр нь дүгнэж, цэрвэж болохуйц 12 сэдэвт ангилагддаг ба үүнд, гарал угсаа, сэтгэцийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, нийгмийн статус, итгэл үнэмшил ба шашин шүтлэг зэрэг багтсан байдаг байна.



Абергелийн хэлж байгаагаар:

Хүн бүр л хүнийг хараад ямар нэг зүйл боддог. Бид үүнийг болиулах гэж энэ төслийг эхлээгүй. Бид ердөө танд хараад л дүгнэсэн дүгнэлт чинь тухайн хүний үзэл бодол, амьдралын түүхтэй нийцэж байна уу үгүй юу гэдгийг нягтлахыг хүссэн юм хэмээжээ.


Эх сурвалж: The Human Library