Өнөөгийн Монголын нөхцөлд сэтгэл сэрдхийлгэм гэмт хэрэг, хүчирхийллийн тухай мэдээ мэдээлэл долоо хоногт дор хаяж нэг сонсох нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Телевиз, сонин, сайтууд гээд бүгд л өөрсдийн мэдээлэх үүргийг гүйцэтгэн тэдгээр хэргийг сурвалжлан хүргэж байдаг ч тэдгээрийг хүлээн авагч уншигчдад хэрхэн нөлөөлдөг болохыг төдийлөн хайхардаггүй. Хэдийгээр мэдээлэх нь тэдний үүрэг, харин хүлээн авах нь уншигчийн эрх байтал их хэмжээний мэдээлэл дунд төөрсөн уншигч хүлээн авч буй мэдээллээ ангилж ялгахдаа маруухан болдог.


Тэгвэл судалгаагаар хүчирхийлэл, гэмт хэргийн тухай мэдээг давтамжтай хүлээн авах нь түрэмгийлэл, уур бухимдлын мэдрэмжийг ихэсгэж, бусдын зовлонг өрөвдөх, мэдрэх чадварыг үгүй болгодог байна.


Олон нийт хүчирхийлэл, гэмт хэрэгт татагдаж, түүнийг сонирхох гэдэг хүн төрөлхтний түүхэнд маш баялаг түүхтэй билээ.

Эртний Ром улсад л гэхэд Колисиумд 50 мянгаараа цуглан хүмүүс нэгнээ хөнөөхийг үзэж ирсэн. Дундад зуунд ч гэсэн Лондон хотноо болох цаазын ял гүйцэтгэлийг үзэх гэж цуглах хүмүүс бараг л нэг үзэсгэлэн худалдаа болоод байна уу гэмээр сэтгэгдэл төрүүлэхүйц хоолны мухлагууд нээж, тасалбар худалдаалан цаазын ялыг хаанаас үзэх суудлаа хүртэл сонгодог байжээ. 

Одоо ч хүмүний энэ этгээд сонирхол буураагүй бөгөөд Call of Duty, PUBG зэрэг буудалцаан бүхий тоглоомуудыг олноор тоглодог. Netflix дээр гарах цувралууд ч үүнийг хөхүүлэн дэмжээд байна уу гэлтэй гэмт хэрэг, хүчирхийлэл, амиа хорлолтыг үзүүлсэн кино ихээр гарах болжээ. 


Тэгвэл судалгаагаар энэ төрлийн мэдээлэл хүлээн авч, үзэх нь тархины сэтгэл хөдлөлийг удирдаж байдаг хэсгийг идэвхжүүлдэг байна. Мөн өөр бусад судалгаагаар ч хүчирхийлэлтэй холбогдолтой мэдээ мэдээлэл, кино зэргийг үзэх нь түрэмгий байдлыг өдөөж, цухал төрүүлэн бусдын зовж буйг ойлгох чадваргүй болгодог гэжээ. Тэдгээрийг хүлээн авч буй хүмүүс бусдад туслах, хохирогчийн оронд өөрийгөө тавьж үзэх нь багасдаг байна.

Хэдийгээр хүчирхийлэлтэй холбогдолтой зүйлсийг үзэх нь шууд л түрэмгийлэлд хүргэхгүй ч тэр төрлийн медиа үзэх дуртай хүмүүсийн тархинд хоол идэх, унтах, мансууруулах бодис хэрэглэхэд идэвхэждэг тархин дахь таашаалын төв нь хүчирхийлэл үзэхэд ч идэвхжиж байдаг болдог гэнэ. 

Хүчирхийллийн агуулга бүхий мэдээ, нэвтрүүлэг, кино зэргийг үзэхэд хүний сэтгэцэд “камер флаш” гэх зүйл болдог бөгөөд энэ нь хүний дурсамжуудтай холбогддог. Үүний үр дүнд хүчирхийллийг хэр бодитоор харуулна төдий чинээ түүнийг хүлээн авагчийн таагүй, хүчирхийлэлтэй холбоотой дурсамж эргэн сэргэдэг байна. Ингэснээр тэд дурсамжаа илүү тодоор, детальчлан санаад зогсохгүй, тухайн үед мэдэрч байсан мэдрэмж нь ч эргэн сэргэдэг юм.


Тиймээс уншигч та бүхэн хүлээн авч буй мэдээлэлдээ хангалттай цензуртэй хандаж, анхааралтай байхыг хүсэж байна.