Польш улсын баг Олимпын наадамд өрсөлдөхөөр сонгогдсон тамирчдаас 6 тамирчныг нутаг буцаажээ. Үүний шалтгааныг тодруулбал Польш улсын зүгээс тэмцээний удирдамжийг андуурсны улмаас Токио хотод очоод байсан усан сэлэлтийн 23 тамирчнаасаа харамсалтайгаар зургаан тамирчныг хассан байна. 

Харин удирдлагын алдаанаас болж амьдралынхаа 4, 5 жилийг энэ л наадамд бэлтгэж байсан тамирчид сэтгэлээр унан нутаг буцахдаа хуулиар арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ. 




Польш улсын усан сэлэлтийн багийн зүгээс гарын үсэг бүхий захидал бичиж, одоогийн Польш улсын усан сэлэлтийн холбооны удирдлагад хариуцлага хүлээлгэхийг хүсжээ. Захидалд:

Бидний зарим нөхөд бусдын хайхрамжгүй үйлдлээс болж нутаг буцаж, бидний Олимпын медальт тамирчин болох мөрөөдлийг булаалаа” хэмээжээ.



Нутаг буцсан тамирчдын зарим нь өөрсдийн сэтгэгдлийг цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн бөгөөд үүнд:

Алисия Щёрз – Өөрийн амьдралын бүхэл бүтэн таван жилийг зориулж, спортын хамгийн том наадамд оролцож, бүхнийг шинээр эхлэхээр шамдан өөрийн хувийн амьдрал, ажил хөдөлмөрөө умартан, гэр бүлээ гаргууд гаргаж байна гээд төсөөл дөө. 

Гэвч тэмцээнээс зургаахан хоногийн өмнө хариуцлагагүй этгээдүүдээс болж мөрөөдлөө биелүүлж чадахгүй болох гэж...

Маттью Чованиеч - Би болсон явдлаас болж гүн цочролд ороод байна. Энэ бол миний хувьд огт болох ёсгүй байсан хачирхалтай нөхцөл байдал. Үнэнийг хэлэхэд би энэ хар дарсан зүүднээс сэрнэ гэж найдаж байна хэмээжээ. 


Тэгвэл тэдний хариуд Польшийн усан сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Павел Сломински мэдэгдэлдээ:

Токио дахь Олимпын наадамд оролцох эрхийг тойрон үүссэн нөхцөл байдалд би гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. 

Ийм нөхцөл байдал анхнаасаа үүсэх ёсгүй байсан бөгөөд тамирчдын сэтгэгдэл, сэтгэл хөдлөл, Польш улсын усан сэлэлтийн холбоонд ирж буй дайралтуудыг би маш сайн ойлгож байна гэжээ.


Эх сурвалж: UNILAD