Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөх компанит ажлынхаа хүрээнд Доналд Трамп өөрийн дэмжигчдэдээ татвар төлөгч нарын мөнгийг өөрийн цалин болгож авахгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тус улсын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч өөрийн цалингаас татгалзахыг зөвшөөрөөгүй учир тэрээр өөрийн бүх цалинг хандив болгон өргөхөө зарлаж байжээ.

Ерөнхийлөгчийн албыг хаших ихэнх хугацаандаа тэрээр өөрийн цалинг хэлсэн ёсоор хандивласан бөгөөд ахмад дайчдын хэрэг эрхлэх газар, олон нийт болоод эрүүл мэндийн газруудад хандив өгсөн гэж үзэж байгаа юм. 

Гэхдээ ерөнхийлөгч байх хугацаандаа өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр өөрийнх нь энэрэнгүй сэтгэлийг хүмүүс тоохгүй байна гэж үзэж, “Би ерөнхийлөгчийн цалингаасаа татгалзсан энэ улсын цорын ганц ерөнхийлөгч. Энэ мэдээ намайг ч гайхуулаад авсан. Учир нь ерөнхийлөгч 450 мянган ам.доллароор цалинждаг юм билээ. Миний үүнийг хэлж байгаа ганц шалтгаан нь тэд хэзээ ч энэ талаар ярьдаггүй” хэмээжээ. 

Харамсалтай нь түүний мэдэгдэл үнэнээс бага зэрэг зөрж байсан учир нь АНУ-ын ерөнхийлөгч 400 мянган ам.доллароор цалинждаг бөгөөд Доналд Трампаас өмнө ерөнхийлөгч асан Жон Кеннеди, Херберт Хувер нар цалингаасаа татгалзаж байсан юм.

Хэдийгээр Доналд Трамп өөрийн бүх цалинг хандивт зориулсан гэж байгаа ч түүний сүүлийн зургаан сарын цалингийн мэдээлэл тодорхойгүй байгаа ажээ. Вашингтон постын зүгээс тус мэдээг бэлтгэн нийтэлсэн хэдий ч ерөнхийлөгч асанг цалингаа хандивлаагүй гэж хэлэхгүй, ердөө л хангалттай мэдээлэл байхгүй байна гэдгийг мэдэгдсэн байна. 


Эх сурвалж: UNILAD