Итали улсын тамирчин Жианмарко Тамбери, Катар улсын тамирчин Мутач Эсса Баршим нар хайнаа хагалахын оронд медаль байраа хуваахаар шийджээ.

Тамирчид хоёул 2.37 метрийн харайлтыг ямар ч алдаагүй гүйцэтгэж, олимпын рекорд болох 2.39 метрийн харайлтыг хэн нь ч эвдэж чадаагүй байна. Тийнхүү дүрмийн дагуу тамирчид хайнаа хагалж, медальт байраа шийдвэрлүүлэх ёстой байсан Катарын тамирчны сэтгэл хөдөлгөм шийдвэрийн дүнд тэд нэгдүгээр байрыг хамтран эзэмшихээр болжээ. 

Тэдний шийдвэрийг харсан үзэгчид зарим нь өрсөлдөөнгүй гэж шүүмжилж байгаа ч дийлэнх нь тэдэнд баяр хүргэж байгаа аж. 

Баршим, Тамбери хоёр бол тэмцээний талбарт өрсөлдөгч ч гэлээ олон жилийн нөхөрлөлийн түүхтэй тамирчид. Тэд анх 2010 онд нэгэн тэмцээний үеэр таарч, түүнээс хойш тэдний нөхөрлөл ийнхүү 11 жилийн хугацаанд үргэлжилж байгаа юм.

Харин одоо тэд бүр олимпын алтан медальт байрыг хамтран эзэмших нь ээ. 

Баршим тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Би түүн рүү харахад тэр ч над руу харж, тэгэхэд л бид мэдсэн юм. Бид нэг нэгэн рүүгээ хараад "ингээд л болоо, дахиж өрсөлдөх хэрэггүй" гэдгийг мэдсэн” хэмээжээ.

Тийнхүү Баршим “Бид хоёулаа алт авч болох уу?” гэж асуухад шүүгчийн зүгээс зөвшөөрсөн байна. 


Ингээд тэдний сэтгэл хөдөлгөм мөчийн гэрэл зургуудаас хуваалцъя.