Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 03-нд нийт 429 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн энхийг сахиулагчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиллаж буй 3 эмч, ажилтны шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 8 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн шинжилгээ орсон. Бүгдийнх нь хариу сөрөг гарлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 63 хүн эмчлүүлж байна. Тэдний 60 хүний биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. 

Эдгэрээд гарсан 230 хүнээс 17 нь сувиллын ажиглалт тандалтад, 47 нь гэрийн ажиглалтад байна. 166 нь сувилал, гэрийн ажиглалтаас гарсан.

ХӨСҮТ-д одоо нийт 88 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" хэмээн мэдээллээ.