Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 05-нд нийт 441 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 8 дугаар сарын 05-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигчийн шинжилгээ, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж буй 53 хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдаж буй 9 хүний давтан шинжилгээ, эмнэлэг, тусгаарлах байранд тусгаарлагдан ажиллаж буй 13 эмч, ажилчны шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ, Сэлэнгэ, Дорноговь аймагт тус тус тусгаарлагдсан нэг хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. 

Өнөөдөр 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Үүний 14 нь энхийг сахиулагч, нөгөө хоёр нь 7 дугаар сарын 06 болон 15-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс. 

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 260 нь эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж буйгаас 30 хүний биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 60 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна. 

8 дугаар сарын 01-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэн ХӨСҮТ-д байгаа. Гурван удаагийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Элэгний өөрчлөлт, хатууралтай, биеийн байдал нь маш хүнд байна. 

Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдрийн 07:30 цагт буусан. Нислэгээр ирсэн зорчигчдоос 4 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж, ХӨСҮТ-д тусгаарласан" хэмээн мэдээллээ.