Манай энэ удаагийн зочин бол “Айтүүлс” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамир. Хөрөнгийн зах зээлд түүний байгуулалцсан компаниIPO хийгээд хэдхэн хоног болж байгаа билээ. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд мэдээлэл технологийн компани хувьцаа гаргасан  анхны тохиолдол юм. Салбартаа цахиур хагалж яваа түүнтэй ярилцлаа.

-Өчигдөр цан цохилоо, IPO гаргах тэр мэдрэмжээсээ хуваалцвал?

-Цан цохиод албан ёсоор арилжаагаа эхэллээ гэж хэлэхэд сайхан мэдрэмж төрдөг юм байна. Бид зургаан жилийн өмнө энэ компанийг үүсгэн байгуулсан. Тэр үед мэдээлэл технологийн салбарынхан яагаад бусад салбар шиг нээлттэй компанитай болж болохгүй гэж бодол өвөртөлж явсан минь биелэлээ оллоо

-Санал болгосон хувьцааны тал нь захиалагдчихсан гэсэн үү?

-Албан ёсоор гараад хоёрхон хоног болоогүй ч одоогийн байдлаар 50 хувьтай байна гэсэн мэдээтэй. Хүлээлтийн хувьд харьцангуй өндөр байгаа нь мэдрэгдэж байна. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 компанийн долоо нь технологийн компани байдаг. Энэ утгаараа ирээдүйтэй салбар гэдэг үүднээс хүмүүс хүүхдүүдийнхээ нэр дээр манай хувьцааг авч хадгалах хандлага анзаарагдсан.

-Ер нь яагаад дата төв байгуулъя гэж зорьсон юм бэ?

-Би өөрөө програмист хүн. Компаниа байгуулахаас өмнө зөндөө л олон системүүд дээр ажиллалаа. Ихэвчлэн вэб суурьтай программууд байдаг. Түүнийгээ хаана байршуулах вэ гээд л хүндрэл дагуулна. Монгол компаниудаас үйлчилгээ авлаа гэхэд л ялгаагүй гадны дата төв рүү байршуулчихдаг. Нэгэнт л гадаадад байршуулсан болохоор засвар үйлчилгээ хийлгэх гээд и-мэйл бичнэ, утсаар ярина гээд бөөн төвөг чирэгдэл. Өнөөдөр асуудал гарсан ч цагийн зөрүүнээс болоод маргааш нь шийдэгдэх жишээтэй. Зарим үед хэдэн өдөр дамжих нь энүүхэнд. Үүнээс болоод л ер нь Монголд дата төв хэрэгтэй юм байна, бид нар үүнийг хийх ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Тухайн үед бүртгэлтэй 40 мянган аж ахуй байдаг гээд л ярьдаг байлаа. Тэднээс 10 мянган компанийг арай идэвхтэй вэб сайт хэрэглэдэг гэвэл дунджаар сая доллар гадагшаа урсгадаг гэсэн анхны хар тооцоо хийсэн. Зөвхөн веб байршуулах үйлчилгээнд шүү дээ. Эндээс л санаа авсан хэрэг.  Тухайн үед клауд систем ид яригдаж бүх салбар руу орж ирж байлаа. Тэгвэл үүний цаадах үндэс суурь нь юу юм бэ гээд үзэхээр бас л дата төв л байсан.

-Монголд дата төв байгуулахын ашиг тус нь юу юм бэ?

-Зөвхөн санхүүгийн хувьд авч үзье л дээ. “Айтүүлс” компани одоогоор нийт Монгол веб сайтуудын 20 хувийг байршуулдаг. Хэрэв үүнийг гадаадын дата төвүүдэд байршуулсан бол жил бүр нэг сая долларын импорт хийх байлаа. Айтүүлс 100 хувь хангадаг болоход жил бүр таван сая долларын импортыг орлоно. Үүнээс гадна, Монгол улс интернэтийн хэрэглээндээ 15 сая доллар зарцуулдаг. Хэрвээ эндээ датагаа байршуулаад эхэлвэл “Айтүүлс” импортыг орлоод зогсохгүй интернэтэд зарцуулдаг энэ их мөнгийг хэмнэх боломжтой. Монголд дата төвтэй байна гэдэг манай компаниудад өөрсдөд нь датандаа өндөр хурдтай холбогдох, дүн шинжилгээ хийх боломж олдож байгаа хэрэг юм. Нөгөө талаас тэр олон өгөгдлийг гадаадад байршуулна гэдэг тухайн орны эрх ашиг, аюулгүй байдалд тийм сайн зүйл биш. 

-Монгол өөрөө газар зүйн онцлогийн хувьд ашигтай бүсэд тооцогддог гэсэн. Үнэн үү?

-Монгол бол дата төв байгуулахад газар зүйн хувьд маш тааламжтай бүс. Хуй салхи, цунамигүй, газар хөдлөлтийн давтамж багатай, цахилгаан эрчим хүч хямдхан, хоёр талдаа найдвартай хөрштэй. Уламжлалт сэтгэхүйгээр хандвал далайд гарцгүй, хахир хүйтэн өвөлтэй, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нь сул тал боловч энэ нь эргээд дата төв байгуулахад хамгийн ашигтай газар нутаг болоход нөлөөлж байна. Өвөг дээдэс маань технологийн салбарт үнэт өв болсон хамгийн ашигтай газар зүйн байрлалыг бидэнд үлдээчихсэн юм байна.

-Цахилгааны үнэ хямдхан гэж үү?

-Дундажлаад үзвэл Монголын цахилгаан хямдхан гэдэг нь үнэн. Мөн Монголын сэрүүн уур амьсгалын ачаар дата төвийн хөргөлтөнд шаардлагатай цахилгааны зардлыг хэмнэх боломжтой.

-Монголд хостинг буюу вэб байршуулах үйлчилгээ хамгийн хямд гэж ярьдаг?

-Монголд маш хямдхан. Манайх л гэхэд гадны ижил төрлийн компанитай харьцуулахад 2-3 дахин хямд үйлчилгээтэй. Анх байгуулагдахдаа тогтоосон үнээ бид хөдөлгөөгүй. Хөрөнгө оруулалт талаасаа харвал үнэ ханшаа нэмээд ашгаа нэмэгдүүлэх боломж байсныг нуухгүй. Гэхдээ бид илүү олон хэрэглэгчийг, илүү их датагаа Монголдоо авч ирэх нь өнөө маргаашийн ашгаас илүү чухалчилсан.

-Хямд үнэ санал болгосоор байтал яагаад манай компаниуд гадаадад вэбээ байршуулсаар байдаг юм бол?

-Вэб сайт нүүлгэх процесс өөрөө амаргүй л дээ. Мэргэжлийн хүмүүст хялбархан боловч аж ахуйн нэгж компаниудын хувьд багагүй төвөг удсан ажил байдаг.  Харин вэб болон онлайн системүүдээ шинээр хийлгэхдээ л байршуулах газраа вэб хөгжүүлэгчтэйгээ ярилцаж зөв сонгох нь илүү хялбар. Тийм ч учраас бид хөгжүүлэгчдээ маш их дэмждэг. Одоогийн байдлаар манай компаниудын 40 хувь нь Монголдоо вэбээ байршуулсан. Хэдхэн жилийн өмнө энэ тоо таван хувьд ч хүрдэггүй байлаа. Эдгээр компаниудын 50 хувь нь харин Монголын нийт вэб сайтын 20 хувь нь  манай “Айтүүлс” компани дээр байршдаг.

ДАТА УСТГАГДВАЛ ТА Ч ЦАХИМ ЕРТӨНЦӨӨС АРЧИГДАНА

-Датаг экспортлох боломж хэр байна гэж харж байна вэ?

- 20 дугаар зуунд хамгийн үнэтэй бүтээгдэхүүн газрын тос байсан бол энэ орон зайг одоо дата эзэлчихлээ. Орчин үед дата бол бизнесийн хамгийн үнэтэй нөөц, цаашид оршин тогтнох үндэс гэж дэлхий нийтээр үздэг болчихсон. Тэрхүү үнэ цэнэтэй датагаа улс орнууд хамгийн аюулгүй, эрсдэлгүй бүсүүдэд байрлуулахыг хүсдэг. Евро азийн бүс нутаг дата төвд хамгийн тохиромжтой ч, улс төрийн бодлого, үзэл баримтлалаас болж ямар ч дэлхийн улсууд Хятад, Орос хоёрт датагаа хадгалуулахгүй. Гэтэл Монголд боломж байна. Газарзүйн ашигтай байрлал, цахилгааны үнэ өртөг хямд, шилэн кабелиар евро ази руу холбогдсон гээд олон давуу талтай. Тийм учраас Монголд дата төв байгуулаад датаг эрсдэлгүй хадгалах, ашиглахад шаардлагатай үйлчилгээг экспортлох асар их боломж байгаа. Одоо л гэхэд манайд гадаадын 200-аад харилцагч үйлчлүүлэгч бий.

-Швейцарийг датагийн оффшор бүс гэдэг шүү дээ. Манайд тэр боломж нь байна уу?

-Швейцарь бол дэлхийн мөнгө, санхүүгийн томоохон төв. Тиймээс зөвхөн мөнгөн дээр жишээ авъя. Дэлхий дээрх нийт мөнгөний дөрвөн хувийг бидний мэддэг хэвлэмэл цаасан мөнгө эзэлдэг. Бусад нь электрон мөнгө. Энэ бол сервер дээрх дата гэсэн үг. Тиймээс Швейцарь улс ч гэсэн бодлогоороо дата төв байгуулахыг дэмждэг. Энэ нь уур амьсгал тааламжтай бас ирээдүйгээ харсан ч өгөгдөл хадгалалтын маш сайн бүс болоход нөлөөлсөн. Тэгвэл манай улсад Швейцариас ч их боломж байгаа. Ер нь энэ дата төв, шинээр бий болж буй технологийн томоохон давалгаануудын чиглэлээр хөгжөөд явахад бид дэлхий нийтээс хоцроогүй учраас асар их боломж харагддаг.

-Датаг жирийн уншигчдад тайлбарлавал. Датагийн үнэ цэнэ нь юу юм бол?

-Бүх салбарт мэдээлэл технологи нэвтэрчихлээ. Тэр бүхний ард дата бий. Банк хэрвээ датагүй болчихвол юу болохыг төсөөлж байна уу?  Теллер таны дансанд хэдэн төгрөг байгааг хэлж чадахгүй. Хадгаламжийн дэвтэр халаагаа өгсөн учраас батлах баримт ч байхгүй. Нэг ёсондоо та санхүүгийн системээс арчигдчихсан хэрэг. Дэлгүүр гэхэд бонус, лояалти оноотой. Дата устчихвал тухайн хэрэглэгчийн үнэнчээр үйлчлүүлж байсан бүх мэдээлэл үгүй болно. Мөн тухайн дэлгүүрийн үнэ өртөг, бараа бүтээгдэхүүн гээд өнгөрсөн хугацааны санхүүгийн анхан шатны бүртгэл  гэж үлдэхгүй. Одоо Монгол улс дараагийн түвшинд гарах хэрэгтэй байна.  Бид үйл ажиллагааны автоматжуулалтыг маш сайн хийчихлээ. Одоо тэгвэл энэ бизнесүүдийг илүү ашигтай болгохын тулд өнгөрсөн хугацаанд үүсгэсэн түүх, датагаа “ухаж” ашиглах ёстой. Юун дээр алдсан, оносон, цаашид ямар шийдвэр гаргах вэ зэрэг бүх судалгааг зөвхөн датан дээрээ анализ хийж байж л мэдэх боломжтой. Тэгэхээр бид үүнийг бизнестээ ашигтайгаар хэрэглэж сурмаар байна. Үүнийг өгөгдлийн шинжлэх ухаан, дата технологи, ухаалаг бизнес зэргээр нэрлэдэг.  Энэ болгоны цаана датагаа илүү сайн шинжилж ухаалаг шийдвэр гаргах эцсийн нэг л зорилго бий.

-Датагаа алдсанаас болж хохирсон жишээ хэр их байдаг вэ?

-2011 онд Шинэ Зеландад хоёр удаа газар хөдөлснөөс болж 6000 бизнес дампуурсан түүх бий. Зүгээр л датагаа алдсанаас болж шүү дээ. Цахим орчинд тухайн компанийн түүх арчигдчихаж байгаа учраас тэр. Японы цунами, Америкийн хоёр ихэр цамхагт болсон халдлагаас болж олон компани датагаа алдаж санхүүгийн хямралд орж байсан. Иймэрхүү түүх олон бий. Ийм жишээ их байдаг тул дэлхий нийтээр датаныхаа аюулгүй байдалд асар их анхаарал хандуулдаг болсон. Монгол улс ч гэсэн ийм эрсдлийг давах хэмжээний нөөцийг бүрдүүлэх цаг нь болсон.

БИД НАР БОЛ ФЭЙСБҮҮК, ТВИТТЕРИЙН АЖИЛЧИД, ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭГЧИД

 

-Сошиал ертөнцийн хувьд?

-Бид  өөрсдийгөө фэйсбүүк, твиттерийг ашиглаад байна гэж боддог. Гэтэл эсрэгээрээ ашиглуулж байгаа хэрэг. Бидний юунд дуртай, хэнтэй найз вэ, хоорондоо ямар мэссэж солилцдог талаарх бүх мэдээлэл тэнд үүсдэг. Энэ дата дээр нь тулгуурлаж бизнес нь цэцэглэх зарчимтай. Фэйсбүүкт мэдээлэлээ boost-лэхэд сонирхлын төрлөөс нь сонгох боломжтой байдаг шүү дээ. Бид энэ бүх мэдээлэлээ өгснөөрөө энэ компанийн ажилчид, өргөжүүлэн хөгжүүлэгчид нь болчихоод байна. 

Wall mart онлайн худалдаагаа мэдээлэл цуглуулах хэрэгсэл гэж үздэг. Хэн, хаанаас холбогдоод, ямар ямар бүтээгдэхүүн сонирхож байгаад юуг сонгон авч байна гэх мэт бүх мэдээлэлд анализ боломжтой болгодог болохоор л тэр.

-Ингэхэд яагаад Дарханыг сонгосон юм бэ?

-Зарим хөрөнгө оруулагчид компаниуд Улаанбаатарт төвлөрч байхад хаа байсан Дарханд дата төв нээж яах юм бэ гэдэг. Энэ нь тэр хол байрлал чинь бизнесийг аюулгүй, тогтвортой болгож байгааг олж харахгүй байна гэсэн үг.

Газар хөдлөлт, болон бусад байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд 180-200 км-ээс цааш аюулгүй гэж үздэг. Тэгвэл Улаанбаатараас 200 км-ээс цааш хамгийн сайн дэд бүтэцтэй бүх шалгуурыг хангасан газар гэвэл яах аргагүй Дархан. Хамгийн энгийн жишээ гэхэд цас ороод зам хаагдлаа гэхэд л төмөр замаар очиж болно. Улаанбаатар, ОХУ, Дарханы цахилгаан станцуудын төв зангилаа цэг болдог, Үүрэн холбооны операторууд, шилэн кабельтай гээд олон давуу талтай тул цаашид мэдээллийн технологи, инновацийн төв болох бүрэн боломжтой.

-Та нарын барьж байгаа модуляр дата төвийн давуу тал?

-Модуляр дата төв нь уламжлалд дата төвтэй харьцуулахад зөвхөн барилгын анхны зардлаа гэхэд 10-20 дахин хэмнэх боломжийг олгодог. Тэгсэн мөртлөө бүтээмжийн хувьд илүү ашигтай.  Угсарч суурилуулахад маш бага цаг хугацаа зарцуулдаг. Товчхондоо бол, хамгийн хямд хэрнээ олон улсын стандартын өндөр түвшинд хийж болох хамгийн боломжит хувилбар нь энэ.  Энэ дата төвийн паркыг байгуулснаар банкууд болон бусад харилцагчид маань шинээр нөөц дата төв байгуулах зардлаа 10-20 дахин хэмнэхээс гадна, засвар үйлчилгээнийхээ зардлыг 40-50 хувь хэмнэх боломжтой юм. Тэгэхээр дата хэрэглэдэг томоохон байгууллагуудын хувьд зардлаа хэмнэх, мэдээллийн аюулгүй байдлаа хангах маш том боломж гарч ирнэ гэсэн үг.

-Тэр асар том дата төвийн аюулгүй байдлыг яаж хангах вэ?

-Өгөгдлийн сангийн аюулгүй байдал олон зүйлээс бүрдэнэ л дээ. Тоног төхөөрөмжийн, сүлжээний халдлагаас хамгаалах зэрэг техникээр шийдэх  зүйл бий. Үүнээс гадна хүний нөөц, бодлого, журам, зохицуулалтаар хийгдэх олон ажил байдаг. Бидний хувьд нэгэнт л олон улсын стандартыг нэвтрүүлэн ажиллахыг зорьдог тул энэ стандартуудын хүрээнд бэлтгэсэн аюулгүй байдлын бодлого, дүрэм, журмуудыг мөрдөж ажилладаг. 

-Мэдээллийн технологийн чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ. Өөр чиглэлээр ажиллах бодол байдаг уу?

- Энэ чиглэлээрээ л ажиллана даа. Би санхүү эсвэл хуулийн салбарт амжилт гаргаж чадахгүй биз (инээв). Дэлхий дахинд шинэ гарч ирж байгаа технологийн давалгаа мэдээлэл технологийн салбарт Монголыг нэг гараанаас эхлэх шинэ бизнес бий болгох боломжийг бүрдүүлж байна.  Тийм учраас энэ салбарыг эрчимтэй хөгжөөсэй гэж хүсч мөрөөдөж явдаг.

ЗУРГААН ХҮҮХЭДТЭЙ ГЭХЭЭР "ПӨӨХ"  ГЭДЭГ


-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би одон орон сонирхдог. Хааяа зав гаргаж телескопоор дуранддаг. Гэхдээ олон хүүхэдтэй болохоор өөртөө гаргах цаг зав муутай.

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Ам бүл наймуулаа. Зургаан хүүхэдтэй. Том нь 13-тай бага нь ой зургаан сартай. Тэдэндээ зав гаргахыг их хичээдэг. Өдөржин ажилд дарагдаж байгаад гэртээ очиж хүүхдүүдтэйгээ тоглож, шуугилдаж хамаг стрессээ тайлна шүү дээ. Зарим хүн зургаан хүүхэдтэй гэхээр “Пөөх” гэдэг л юм. /инээв/

-Гэр бүлдээ хэр цаг зав гаргаж байна даа?

-Эхнэр хүүхдүүдэдээ санасанаараа цаг зав зарцуулж амжихгүй байна. Ойрын үед IPO гээд ажил ихтэй учраас өглөө 6 цагт босч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд орой 10-11 үед харьдаг боллоо.

-Өнөр өтгөн гэр бүл юм аа, ямар зарчимаар хүмүүжүүлдэг вэ?

-Хүмүүс ганц хоёр хүүхэдтэй хэцүү байна гэж ярьдаг. Гэтэл бид нарын аав ээжүүд бас л олон хүүхэд өсгөсөн.  Хүүхэд олон байх тусмаа бие дааж сурдаг, өөрөө өөрсдийгөө авч явдаг, амьдрах чадвар суудаг.  Эцэг эхээс зарцуулах цаг багасдаг. Хүүхэд гэдэг тэр цагаан цаасыг ээж аавынх нь хувьд зөв залахыг хичээдэг.  Сүүлийн үед өсвөр насныхаа охидтойгоо ярилцахад түлхүү цаг зарцуулж байна.

-Дахиад бүл нэмэх төлөвлөгөө бий юу?

-Хувь тавилан өгвөл авна даа. (инээв)

-Гэр бүлээрээ юу хийх дуртай вэ?

-Гэртээ л байх дуртай. Хүүхдүүдтэйгээ тоглох дуртай. Тоглож байгааг нь анзаарахад том хүүхэд илүү зохион байгуулж байхад дунд хүүхэд зохицуулалт хийж сурч байна. 

-Гэр бүлдээ юуг дадал болгохыг хичээдэг вэ?

-Багачуудад нь бол заавал үлгэр уншиж өгдөг. Бид нар багадаа ээж аавын ярьж өгсөн үлгэрээр хүмүүжсэн. Хүүхэд үлгэрээр дамжуулж олон зүйлийг ойлгодог юм шиг санагддаг шүү. Жишээ нь “Цуутын цагаагч гүү” үлгэрт гэхэд Монгол хүний асар олон чанар онцлогууд агуулагдаж байдаг. Том хүүхдүүдэдээ ажлаа хувиарлаж аваад хариуцлагатайхан шиг дуусгаж сургахыг эрмэлздэг дээ. 

-Хүүхдэдээ ухаалаг утас бариулдаг уу?

-Хүүхдэдээ утсаа өгч тоглуулдаггүй. Нэгэнд нь ч ухаалаг утас авч өгөөгүй, аль болох хэрэглүүлэхгүй байхыг боддог. Зөвхөн хэрэгцээтэй үед нь зөвшөөрөлтэйгээр компьютерт суулгадаг.  Ухаалаг утаснаас өөр цаг зарцуулах зүйл зөндөө шүү дээ. Тэртээ тэргүй бидний амьдралд технологи хангалттай нэвтэрчихсэн, ирээдүйд дэлгэцийн урд хангалттай цагаа өнгөрөөх нь тодорхой юм чинь ядаж бага насандаа үүнээс хол байлгасан дээр гэж үздэг.