ВАШИНГТОН. /NHK/. "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар Япон улстай хамтран ажиллах амлалт өгсөн" гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.


Талууд мөн Япон-АНУ-ын худалдааны шинэ хэлэлцээрийн талаарх хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Баасан гарагт Цагаан ордонд болсон Ш.Абэ, Д.Трамп нарын уулзалт хоёр цаг орчим үргэлжилсэн байна. 


Дээд хэмжээний уулзалтын дараа Ш.Абэ сэтгүүлчдэд мэдээлэхдээ, бид БНАСАУ-тай холбогдолтой асуудлуудыг хэрхэн урагшлуулах талаар нухацтай хэлэлцсэн гэжээ. Мөн тэрбээр Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хоёр дахь дээд хэмжээний уулзалтынхаа үеэр хийсэн хулгайлагдсан иргэдийн асуудлаарх хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан ажээ. 


Японы Ерөнхий сайдын хэлснээр, энэхүү асуудлыг шийдэхийн тулд Ким Жөн Унтай уулзах бөгөөд Д.Трамп энэ чиглэлд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн ажээ. Үүний зэрэгцээ хоёр орны удирдагчид АНУ-тай хийх худалдааны хэлэлцээг хариуцсан Японы сайд Тошимицү Мотэги, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын хийж буй хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. 



“Ирэх тавдугаар сарын 1-нд Рэйвагийн эрин эхэлсний дараа Японд төрийн айлчлал хийх гадаадын орны анхны удирдагч Д.Трамп болно” гэж Ш.Абэ хэлсэн байна. Энэхүү айлчлал нь хоёр орон хүчирхэг харилцаатай хийгээд шинэ эринд олон асуудлаар хамтран ажиллахыг дэлхий дахинд харуулах боломж болно гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг