“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо

Б.Номин
08 сарын 25, 2025

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээний албан ёсны нээлт боллоо. Тэмцээний нээлтэд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл нар үг хэлж, тэмцээнд оролцож байгаа  оюутан залуучуудад амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ. 



Энэ жилийн “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээнийг “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Тэмцээний дүрэмд сагсан бөмбөгийн спортын зарчмыг робот зохион бүтээх ухаантай хослуулсан нь оюутнуудын хурд хүч, авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээг нэгэн зэрэг сорьж байгаа билээ.


Тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг зэрэг 13 орны 14 багийн оюутан, багш, дасгалжуулагч, шүүгч, зочид төлөөлөгчид  оролцож байна. Энэ удаад Монгол Улсаас  ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд оролцож байна.   

Тэмцээний шүүгчийн зөвлөлд Монгол, Япон, Вьетнам нийт таван шүүгч байх бол талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 11 шүүгч ажиллаж байгаа юм.

 

Холбоотой сэдвүүд

робокон технологи

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.