М.Саруул-Эрдэнэ "Сонирхолтой хэл шинжлэл"

Фэйсбүүкт "Зугаатай хэл шинжлэл" гээд ёстой хамгийн хэрэгтэй, хамгийн зугаатай, маргаан мэтгэлцээн тасардаггүй нэг групп байдаг. Энэ группийг үүсгэн байгуулагч АНУ-д ажиллаж амьдардаг хэл шинжлэлийн доктор, судлаач М.Саруул-Эрдэнэ багшийн "Сонирхолтой хэл шинжлэл" хэмээх ёстой сонирхолтой, зугаатай ном нэг байна.

"Нохой хэчнээн уран сайхан хуцлаа ч эцгийгээ ядуу боловч шударга нэгэн байсан гэдгийг өгүүлж чадахгүй" - гэж Нобелийн шагналт нэрт сэтгэгч, философич Бертранд Рассэл хэмээх эрхэм хэлсэн нь "Хэл бол харилцааны хэрэгсэл" гэсэн болхи ядмаг тайлбарыг даван гарсан хурц ёгөөтэй үг юм. 

Адгуус амьтад ч  дохио, үнэрийн хэлээр хоорондоо харилцаж чадна. 

Хүний хэлэнд байдаг онцлог шинжүүд нь: -Бүх хэлэнд үг байдаг. Мөн хэл бүр шинэ үг бүтээх чадвартай. Жишээ нь: амин дэм, туйлшрах, уян ялтас...Өөр ямар ч дохио тэмдгийн системд ийм чадвар үгүй гэнэ.

-Бүх хэл үгийн утгыг хувиргах боломжтой. Дуулдаг, дуулсан, дуулж байна, дуулангуут гэх мэт. 

-Бүх хэлэнд үгүйсгэл бий. Дуулдаггүй, дуучин биш гэх мэт. Үхэр уянгалаг сайхнаар "үмбүү үү" мөөрч чадна л даа. Гэвч "үмбүү биш" гэсэн шүү юм хэзээ ч илэрхийлж чадахгүй. Учир нь үгүйсгэл бол зөвхөн хэлний онцлог мөн 

-Бүх хэл асуулт бүтээж чадна. Та дуулдаг уу? Та хэр дуулдаг вэ? -Бүх хэл найдвар, дурсамж гэх мэт хийсвэр санааг илэрхийлж чадахаас гадна болзмол тааварласан утгыг ч үзүүлэх боломжтой. Жишээ нь: Би сайхан дуулдаг байсан бол хамтлаг байгуулах байсан юм.

-Хэл бүр орон зай, цаг хугацааны хувьд чөлөөтэй. Өөрөөр хэлбэл яг одоо, нүдэнд харагдаж буй үйлээс гадна аль эрт эсвэл ирээдүйд, хаа хол болсон хийгээд болох явцыг ч илэрхийлэх боломжтой. Энэ мэтээр хэлний онцлог, хувьсах чадвар, боломж нөөц нь хязгааргүй юм."

Хэлний зүй тогтол нь хэн нэгэн хэл шинжээчээс хамаарах бус, байгалийн хууль мэт өөрөө оршин байдаг бол зөв бичих дүрэм нь зохиомол зүйл юм"  Мэдээж хэл шинжлэл бол олон зууны туршид нарийн боловсорсон онолын ухаан

Харин судлаач М.Саруул-Эрдэнэ багш онолын төвөгтэй асуудлыг энгийн хялбар, хошин өнгө аясаар өгүүлэхийг зорьсон нь үнэхээр сонирхолтой.  Үндэстний онцлог нь хэлэндээ хэрхэн тусаж буйг тун ч гоё жишээ татан тайлбарлажээ. "Өрнө задаргаа. Дорно нэгтгэл. Сэтгэхүй бол задаргаа ба нэгтгэл.Дорно бол хийсвэрлэл. Өрнө бол бодчилол" гэж нэрт зохиолч Дарма.Батбаяр томьёолсон нь тун оновчтой юм. Монголд яруу найрагчид олон байдаг нь хийсвэр сэтгэлгээ сайтайнх байх. 

Өрнийн эрдэмтэд юмс үзэгдлийн мөн чанарыг туршилт, логикоор хөөж олдог бол дорнын мэргэд сэтгэгчид  хийсвэр сэтгэхүй, бясалган бодох, зөн бэлгээр тандаж мэднэ. Гарах үр дүн нь ижил шахам. 

Сэтгэлгээний энэ онцлог шинж ялгаа нь дорно, өрнийн ард түмний аж амьдрал, соёл, шинжлэх ухаанд нэвт шингээстэй. Энэ орчлонгийн юмс үзэгдэл ерөнхий-тусгай, хийсвэр-бодтой, бүхэл хэсгийн харьцаанд оршино гэх. Дорнын ард түмэн хийсвэр бүхлээс тусгай бодтой хэсэг рүү ургуулан сэтгэдэг бол өрнийхөн тусгай бодтой -хэсгээс бүхэл рүү явна.

Сэтгэлгээний эсрэгцэл. Талаар нэг хонь гэхэд Орос хүн нэг хонь л гэж сойлгоно. Монгол хүнд хонь гэдэг ерөнхий хийсвэр ойлголт тул талд бэлчиж буй үй олон хонийг заана гэх мэт.

Билгүүн номч Ринчен гуай "Монгол хэл нь ганц-олон тооны айгүй, харин хэсэг-бүхэл тооны айтай" хэмээн айлджээ. 

Монголчууд хийсвэрлэн сэтгэдэг ард түмэн учраас "Дуслыг хураавал далай" гэх мэт өгүүлбэрийг эзэн биегүй найруулан ерөөс хэн бүхэнд хамаатуулан ойлгож чадах бол англичууд ихэд тодорхой сэтгэдэг учраас "lf you collect drops...(Хэрвээ ЧИ дуслыг хураавал) хэмээн заавал эзэн гаргаад ирнэ. 

2400 гэх мэт тоог монголчууд бид эхэлж бүхэлдэн сэтгэж, мянгат болгоод "хоёр мянга дөрвөн зуу" хэмээдэг. Гэтэл америкчууд нэгжээр нь буюу зуут зуутаар нь сэтгэдэг учир "twenty four hundred"(хорин дөрвөн зуу) хэмээх бөлгөө. Хэл сэтгэхүйн аль нь анхдагч талаар маргах нь тахиа өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг шиг  маргаантай асуудал хэвээр. Хэлний гарал үүсэл  тодорхойгүй оньсого хэвээр байгаа гэхээр судлах зүйлс мөн ч их байна гэсэн үг. Хэл шинжлэл нээрээ сонирхолтой ухаан юм байна гэдгийг ойлголоо. Сонин содон, шинэ мэдээлүүд олж мэдлээ. Үр өгөөжтэй, зугаатай, гоё ном байна.