Афганистанд Энэтхэгийн долоон инженер, нэг афган жолоочийн хамт хулгайлагдсан хэрэг гарсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт Афганистаны Баглан мужийн төв Пули-Хумри хотын захаас тэднийг хулгайлсан байна.

Тэднийг ямар бүлэглэлийнхэн хулгайлсан нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ Баглан мужийн захирагчийн ярьснаар, лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэн энэ хэргийн ард байж магадгүй.

Афганистаны нийслэл Кабул хот дахь Энэтхэгийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хулгайлагдсан инженерүүд нь Баглан мужийн хойд хэсэгт орших нэгэн цахилгаан станцад гэрээгээр ажилладаг байжээ.

Гэмт хэргийн бүлэглэлүүд болон зэвсэгт бүлэглэлүүдэд өргөн уудам газар нутгаа алдаад буй Афганистаны хувьд хүний хулгай нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм.

2011 онд Афганистаны баруун нутагт замын төсөл дээр ажиллаж байсан 12 иран болон афган инженерийг талибууд хулгайлж байсан гэнэ. Афганистаны овгийн ахлагч настнууд талибуудтай хэлэлцээ хийхэд зуучлан тэднийг суллуулж байжээ.

Өнгөрсөн онд Шведийн тусламжийн байгууллагын ажилтан финланд эмэгтэйг Кабулын нэгэн зочид буудлаас талибууд хулгайлж, хэдэн сар хорьсны эцэст суллаж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг