Уур амьсгалын өөрчлөлт, агаарын хэм нэмэгдэж байгаа зэргээс хамааран 2050 он гэхэд АНУ болон Мексикт амиа хорлох хүмүүсийн тоо олон мянгаар нэмэгдэж болзошгүйг судалгаагаар тогтоожээ.

АНУ, Канад болон Чилийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд АНУ болон Мексикийн хотуудын цаг уур болон амиа хорлолтын тухай хэдэн арван жилийн мэдээллийг судалсны үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас амиа хорлох хүмүүсийн тоо 9000-40000-аар нэмэгдэж болзошгүйг дээрх судалгаанд дурдав.

Агаарын дулаан цельсийн нэг хэмээр нэмэгдэхэд АНУ дахь амиа хорлолтын түвшин 0.7 хувиар харин Мексик улсын хувьд тус үзүүлэлт нь 2.1 хувиар өссөн байсныг судлаачид тогтоосон байна.

Мөн нэг сарын агаарын дундаж температур ганцхан хэмээр нэмэгдэхэд хүмүүс цахим орчинд сэтгэл зүйн байдлаа илэрхийлэхдээ, “ганцаардсан”, “гацаанд орсон”, “амиа хорломоор санагдаж байна” гэх мэт гутралын шинжтэй үг хэллэг хэрэглэх нь 1.35 хувиар нэмэгдэж байжээ. Энэхүү нээлт нь “Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт” хэмээх сар тутмын сэтгүүлд өнгөрсөн даваа гарагт нийтлэгджээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг