Мьянмар улсын иргэний агаарын тээврийн “Air Bagan” болон “Apex Airlines” компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, тус улсын засаг захиргаанд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлөө хүлээлгэн өгсөн тухай Мьянмарын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Нисэх онгоц хүрэлцэхгүй байгаа хийгээд санхүүгийн алдагдалд орсон нь дээрх компаниудыг үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн ажээ. “Air Bagan” компани нь 2012 онд байгуулагдаж, дотоодын 20 чиглэлд нислэг үйлддэг байсан бол “Apex Airlines” компанийн хувьд 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлэн дотоодын 5 чиглэлд нислэг үйлддэг байжээ.

Мөн түүнчлэн агаарын тээврийн “FMI Air” компани тодорхойгүй шалтгааны улмаас ирэх баасан гарагаас эхлэн тасалбар худалдаалахаа зогсоохоор төлөвлөж байгаа юм байна. Мьянмар улсад иргэний агаарын тээврийн арван компани 40 нисэх онгоцоор ард иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг