Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд гацсан 12 хүүхэд 25 настай дасгалжуулагчийг гаргасан билээ. Тэд анх 6 дугаар сарын 24-ний өдөр аялахаар яваад ор сураггүй болсон юм. Тэднийг хайж сураггүй болсон гэж байтал агуйд гацсан байсныг найм хоногийн дараа аврах албаныхан олжээ. Үер усны гамшгаас зугтаж агуйд орохдоо тэд ийн гацсан аж. Хүүхдүүдийг аврах ажиллагаанд 50 гадаадын шумбагч болон 40 Тайландын шумбагчид гар бие оролцжээ. Харамсалтай нь энэ үеэр Тайландын тэнгисийн цэргийн шумбагч амиа алдсан юм. Урьдчилсан таамгаар шумбагчийн хүчилтөрөгч дууссанаас амиа алдсан хэмээн үзэж буй. Хүүхдүүд энэхүү мэдээг гашуудан хүлээн авсан бөгөөд эрэлхэг шумбагчийн зурган дээр талархалаа бичиж, түүний зурганд мэхийж хүндэтгэлээ илэрхийлсэн байна. Одоогоор хүүхдүүд эмчийн нарийн хяналт дор эмчлүүлж байгаа бөгөөд ойр дотны хүмүүстэйгээ цонхны цаанаас уулзах боломжтой юм байна.

Тэдний энэхүү адал явдлаар холливуд кино хийхээр зэхэж эхэлжээ. Pure Flix уг сэдвээр кино хийхээ шийдэж аль хэдийнэ тоглох жүжигчид, кино зохиолч, хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийж эхэлсэн талаар мэдээлсэн байна.