Тайландын Тхам Луанг агуйд хоёр долоо хоног гаруй хугацаанд боогдож гацаж байсан тус улсын өсвөрийн хөл бөмбөгийн “Зэрлэг гахай” багийн хүүхдүүд, дасгалжуулагчийнхаа хамт ирэх сард Аргентин болон АНУ-д очно. “Bangkok Post” сонинд мэдээлснээр, хүүхдүүд аравдугаар сарын 3-нд Буэнос-Айресыг зорих аж.

Тайландын өсвөрийн хөлбөмбөгчид дасгалжуулагчийнхаа хамт аравдугаар сарын 6-18-ны хооронд Аргентинд болох залуучуудын зуны Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно гэж урьд нь мэдээлсэн байна. Тэд Тайландын түшмэдийн хамтаар Олимпийн тосгонд гурав хоногийг өнгөрүүлэх аж. “Зэрлэг гахай” багийнхан аравдугаар сарын 9-нд АНУ-ыг зорино.

Хөвгүүд аравдугаар сарын 11, 12-нд Америкийн Нью-Йорк хотод байх бөгөөд телевизийн “NBC”сувгийн “Today Show”, “Late Night” гэдэг хоёр хөтөлбөрт оролцох аж. Үүнээс гадна, Тайландын Консулын газар хэвлэлийн бага хурал зохион байгуулах бөгөөд тэд аравдугаар сарын 20-нд эх орондоо буцна.

Өнгөрсөн зургадугаар сарын 23-нд 11-16 насны хөл бөмбөгийн багийн 12 сурагч, 25 настай дасгалжуулагчийн хамт агуйд алга болсон юм. Хүүхдүүд дасгалжуулагчийн хамт хоргодож байсан агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой байжээ. Үерийн усанд боогдож хоёр долоо хоног гаруйн турш агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаа гурван өдөр үргэлжилсний эцэст бүх хүнийг гаргаж чадсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг