ПАРИС. /BBC/. Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани БНХАУ-аас 300 нисэх онгоцны захиалга авсан байна. 


БНХАУ-ын дарга Си Жиньпин Францад хийж буй айлчлалынхаа үеэр “A320”, “A350 XWB” загварын нисэх онгоцыг худалдан авах гэрээ байгуулжээ. Нисэх онгоцны энэхүү захиалга нь Си Жиньпиний Европт хийж буй айлчлалын үеэр байгуулсан олон гэрээнүүдийн нэг болж байна.


АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн хоёр нисэх онгоц осолдсоны улмаас “737 Max” загварын бүх нисэх онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоогоод байгаа энэ үед “Airbus” компани уг гэрээг байгууллаа.


Airbus” компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, БНХАУ-ын “CASС” компанитай байгуулсан гэрээний дагуу тус улсын агаарын тээврийн компаниудад 290 ширхэг “A320” онгоц, 10 ширхэг “A350 XWB” онгоц нийлүүлэхээр болсон аж.


“Энэ нь 30 тэрбум евро буюу 34 тэрбум орчим ам.долларын гэрээ юм” гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг