Аж үйлдвэрийн дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь шинжлэх ухаан технологийн дэвшил гэж эрдэмтэд үзэж байна.Шинжлэх ухааны Академи  санаачлан эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнийг хамруулж тодорхой судалгаа хийсний үндсэн дээр ээлжит Их чуулганыхаа өргөтгөсөн хуралдааныг Төрийн ордонд хийлээ. Эрдэмтдийн их чуулганаарАж үйлдвэрийн дөрөв дэх хувь хувьсгалын  үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлуудыг шүүн хэлэлцэж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр боллоо.Тус зөвлөмжид Аж үйлдвэр, инновацийн  яам байгуулах , ШУА-ийн харьяанд Тоон технологийн хүрээлэн байгуулах, Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын Зөвлөлдөх хороо байгуулах зэрэг асуудлыг  тусгасан байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар хиймэл оюун ухаан тоон технологийн эрин үеийг бий болгож улс төр, нийгэм эдийн засагт хүн нөлөөлөх үйл явцыг аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж тодорхойлж байна. Манай улсын хувьд хүний биеийн хүчээр үйлдвэрлэл эрхэлдэг байдлыг халж мэдлэг оюун ухааны нөөц боломж, технологийн дэвшлийг ашиглах замаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг эрдэмтэд  хэлж байлаа.  

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл:Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал 2025 он гэхэд оргил цэгтээ хүрнэ

Өндөр хөгжилтэй онуудын эрдэмтдийн таамаглаж байгаагаар Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэдэг  нь 2020-2030 он хүртэл явагдаж дуусна гэж үздэг. 2025 он гэхэд оргил цэгтээ хүрнэ. Тиймээс манай улс Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлдэх асуудал чухлаар тавигдаж байна. Энэ үед үндсэндээ хиймэл оюун ухаан, юмсын интернет, ухаалаг аж үйлдвэр гэсэн гурван технологи хэрэглээнд, үйлдвэрлэлд  өргөн нэвтэрнэ. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлдэхийн тулд хүнийхээ боловсролд анхаарах шаардлага тулгарна. Мөн мэдээлэл технологийн ололт амжилтыг соргогоор мэдэрч өөрийн улсдаа нутагшуулах ёстой. Энэ хувьсгалд зориулж төр засгийн зүгээс нэгдсэн бодлого боловсруулах хэрэгтэй байна.  Хувьсгал гэж хэлээд байгаагийн учир нь өнөөдрийн явуулж байгаа үйлдвэрлэлийн арга барилд цоо шинэ технологи менежментийг оруулж ирнэ гэж тооцоод байгаа юм. Хамгийн энгийнээр хэлэхэд үйлдвэрлэлийг хүн явуулж удирддаг байсан бол одоо ямар ч үйлдвэрлэлийг зайнаас удирддаг болж байна. Бүх нийтийг хамарсан технологийн асар том үсрэлт болох гээд байна.

Түүнчлэн эрдэмтэн судлаачдын зүгээс утааг бууруулах хамгийн энгийн арга бол иргэд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахад анхаарвал ойрын хоёр жилдээ утааг 50 хувь буруулах боломжтой гэдгийг хэлж байгаа юм.

.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат: Өнгөрсөн 20 дугаар зуун хүртэл хүн төрөлхтөн байгалийг захирах хууль санаачилж чадсангүй.

Хүн амын өсөлтийг зохицуулах боломж дэлхийн аль ч улсад алга. Хүн амын хэт өсөлт нь хэрэглээг асар ихээр нэмэгдүүлж байна. Гэтэл байгалийн нөөц нь хязгаарлагдмал. Хязгаарлаж болохгүй өсөлт, хязгаарлагдмал байгалийн нөөц баялаг энэ хоёрын зөрүүгээс хүн төрөлхтөн орших уу эс орших уу, байгаль дэлхийн хүн төрөлхтний хэрэглээний ачааллыг дийлэх үү эс дийлэх үү гэдэг асуудал  тулгарч байна. Тиймээс бага зүйлээр хэрэгцээгээ хангах үйлдвэрлэлийн  технологийг эрэлхийлэх шаардлага тулгарсан.   Өнгөрсөн 20 дугаар зуун хүртэл хүн төрөлхтөн байгалийг захирах хууль санаачилж чадсангүй. Харин 21-р зуунд байгалийнхаа хуульд хүн төрөлхтөн захирагдаж хуулиа түүнд зохицуулж хийх юм. Хууль гэдэг нь  эрхзүйн талаасаа бус техник,шинжлэх ухааны хөгжлийн тухай ойлголт юм. Техникийн хүч чадал, тоо хэмжээг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй хүний мэдлэг оюуны хүч чадлыг нэмэгдүүлж, төрмөл оюун ухаанд суурилсан үүсмэл оюун ухааныг бий болгох шаардлага Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд тулгарч байна.

 Академич Т.Ган-Эрдэнэ: Капиталын, хүн хүчний бус авьяас чадварын хувьсгал болно

“Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал яах аргагүй бидний өмнө тулгарчихаад байна. Үүний оргил цаг нь 2025 он гэж байна. Урдах хувьсгалууд бол капиталын, хүн хүчний хувьсгал байсан бол энэ удаа авьяас чадварын хувьсгал болох гээд байна. Өмнөх  хувьсгалд цөөн тооны хүмүүс оролцдог байсан бол энэ удаа  бүх нийтээрээ оролцох болоод байгаа юм” гэж ярилаа.

 Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал бол  эрчимтэй хөгжих бололцоог нээх боловч нөгөө талдаа засаглал хөгжлийн бодлого чиглэлээ өөрчлөх шаардлагыг үүсгэж байна. Бас үйлдвэрлэлд технологийн дэвшлийг нэвтрүүлснээр олон хүн ажлын байргүй болох, зарим мэргэжил шаардлагагүй болох нөхцөл байдал үүсээд байгаа юм.   Манай улсын хувьд шинжлэх ухаан технологи инновацийн үйл ажиллагаанд зарцуулдаг хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр хөгжилтэй орнуудынхаас 10-15 дахин доогуур түвшинд байгаа юм. Цаашид хөрөнгө оруулалтын хэмжээг ДНБ-ийн 2 хувьд хүргэж нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг тухайд ч шинжлэх ухааны академийн өргөтгөсөн хуралдааны үеэр яригдлаа.