Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн иргэдтэй Л.Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрт уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар угтаж, уулзалтад байлцлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг Улиастай цэргийн хүрээ хүндэтгэж жагсаж, аймгийн удирдлагууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын хөгжлийн хөтөлбөр зэргээ танилцуулав.

Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сарын байдлаар тус аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 39.8 хувиар буюу 697 хүнээр өссөн байна. Эдгээр ажил хайж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь 25-44 насны иргэд юм байна. Мөн аймгийн дүнгээр хоёрдугаар сарын байдлаар 18 тэрбум төгрөгийг иргэн, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас зээлжээ.

Мөн өнөө жил зүй бусаар хорогдсон малын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр 70 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.4  дахин буюу 61.7 мянган толгойгоор  өссөн  үзүүлэлт гэлээ.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьсантай холбогдуулан орд газруудыг хэрхэн ашиглах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:





Эх сурвалж: https://president.mn/?p=2798