"Ажилгүйдэл эдийн засагт ямар эерэг нөлөөтэй вэ?" гэсэн асуулт сургууль төгсөх жил "Трудовая экономика" (хөдөлмөрийн эдийн засаг)хичээл дээр ирсэн 3 асуултын нэг байсан юм. Би энэ асуултанд хариулж чадаагүй. Гэхдээ энэ асуултын хариултыг тухайн үед багш хэлж өгөөгүй, номон дээр ч байгаагүй. Жилийн дараа гэнэт толгойд харваад ороод ирсэн нь ердөө "инфляци буурах" байлаа.

Ажилгүй иргэд нэмэгдэх тусам зах, дэлгүүр, гоо сайхны газрын орлого буурч, бараа бүтээгдэхүүний борлуулалт багасч үнээ буулгахыг инфляци буурах гэнэ.

Ерөнхийдөө инфляци гэдэг бол үнийн өсөлтийн хувь юм. Гэхдээ огт инфляцигүй буюу үнийн эрүүл өсөлтгүй байх бас сайн биш. Иргэд ААН өндөр үнээр юмуу өндөр үнэтэй валютаар бараа татсан эсвэл үйлдвэрлэсэн байхад үнэ нь өртгөөс нь доогуур орвол дифляци болж,алдагдал хүлээж зарим нь дампуурна. Ажил хийж байгаа хүн дампуурах тусам эдийн засаг нь сульдаж байдаг.

Манай улсын иргэдийн дийлэнхи нь амжиргааны түвшин доогуур байдаг. Энэ нь сарын орлого бага учир инфляцийг илүү өөр дээрээ мэдэрдэг гэсэн үг. Учир нь тэр хүн сарын 300,000 төгрөгийн орлоготой бол түүний дийлэнх нь буюу 90 хүртлэх хувь нь зөвхөнхоол хүнсний хэрэглээнд зориулагддаг. Харин бусад хувцас, ус дулаан, тээвэр, тансаг хэрэглээ гээд олон хэрэглээнийхээ зарим хэсгийг зээлээр нөхдөг. Цалин орлого нь тогтмол өсөхгүй 2 жил болдог ч худалдан авч буй бараа үйлчилгээний үнэ нь 2 дахин өсдөг нь ялангуяа бага орлоготой дийлэнх иргэдэд хамгийн хүнд тусдаг.

Инфляцийг дотор нь эрэлт болон нийлүүлэлтээс гаралтай гэж 2 ангилдаг. Иргэдийн цалин орлого нэмэгдээд нийлүүлэлт нь гүйцэхгүй тохиолдлоос үүссэн үнийн өсөлтийг эрэлтийн гаралтай инфляци гэнэ. Харин нийлүүлэлт талаасаа тогтворгүй болж тасалдал үүсч бараа хомсдож, бүтээгдэхүүний өртөг нь зардал өсөх мэтийн олон хүчин зүйлээс шалтгаалж өсвөл нийлүүлэлтийн гаралтай инфляци өслөө гэж ойлгодог.

Инфляцийн дундаж хувийг үндсэндээ хүнс, шатахуун, тээврийн хөлсний үнэ, импортын барааны үнэ, бусад өргөн хэрэглээний сагсанд ордог бараа, үйлчилгээний үнээр тооцон гаргадаг. 

Хотод бол 329 (хөдөөд 214)нэр төрлийн бараа, үйлчилгээний дундаж үнэ түүний өсөлтийг харгалзан үнийн өсөлтийн хувийг гаргадаг гэсэн үг. 

Арай томхон жишээ татахад АНУ-д сүүлийн 10 жилийн эдийн засгийн оновчтой, тогтвортой бодлогын үр нөлөө илэрсэн юм. Тухайлбал энэ оны эхний нэгдүгээр сард нийт 148,000 хүн нэмж ажлын байртай болно гэж таамаглаж байсан бол 200,000 болж өсчээ. Харин эдийн засагчид энэ асуудлыг инфляци өсөх, долларын ханш сулрах, улмаар өрсөлдөх чадвар нь буурах гэх мэт сөрөг үр дагавар нь ажилгүйдэл нэмэгдэхээс илүү хор хөнөөлтэй ба бодлогын хүүг яаралтай өсгөх тухай ярьж сандралдав. Учир нь олон хүн орлогтой болж, хэрэглээ нэмэгдсэнээр бараа үйлчилгээний эрэлт нэмэгдэж, улмаар бараа үйлчилгээний үнэ өсөх (эрэлтийн гаралтай инфляци өсөх), үүнийгээ дагаад зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэгдэх шаардлага үүсч, улмаар долларын ханш суларч, тодорхой хэмжээнд үнэгүйдэх эрсдэл үүснэ. Тэгэхээр төв банк нь бодлогын хүүгээ нэмэгдүүлдэг буюу тэр их зээл, хөрөнгө оруулалт хэлбэрээр болон бусад хэлбэрээр өнөөх орлоготой хүмүүсийн хэрэгцээг хангахад шаардагдах тэр их мөнгийг арилжааны банкууд нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлж байхаар төв банкныхаа үнэт цаасыг худалдаад авсан нь эрсдэлгүй ашигтай гэсэн шийдвэрийг гаргадаг. Улмаар мөнгөний нийлүүлэлт удаашраад, хумигдаад ирэхээр худалдаа үйлчилгээний эргэлт удааширч, бараа үйлчилгээний үнийн өсөлт тогтворждог энгийн хуультай. Ийм харгис арга хэрэгслийг олон эдийн засагчид сайшаадаггүй бөгөөд хамгийн эцсийн мөчид авах арга хэмжээ гэж зөвлөдөг. 

Мөн бизнесийн орчин тааламжтай болох үед иргэд алтны хадгаламжаас татгалзаж, мөнгө нь хөрөнгө оруулалтыг чиглэсэн нь алтны ханшийг 1350.15 аас 1334.89 болтол нь буулгасан байдаг.

Харин төв банкны бодлогын хүү өсөх сургаар хөрөнгийн зах зээл нь сандралд орж, олон хүн байгууллага зах зээл хумигдаж, ашиг нь буурах магадлалтай хувьцаат компаниудын хувьцааг зарах сэдлийн нөлөөгөөр хувьцааны үнийн уналт багаггүй түвшинд хүрсэн бололтой. 

Иймэрхүү савлагаа байнга л болж байдаг. Гэхдээ ийм эдийн засгийн үзэгдэл дэлхийн бүх  улсад яг ижил болдог ба бүгд л инфляцитайгаа байлддаг. Учир нь инфляци бол бусад татвараас ялгаатай нь зөвхөн төр нь иргэдээс бус төр иргэдгүй авдаг хуульчлагдаагүй татвар юм.