УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банк /АХБ/-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар өнөөдөр хэд хэдэн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Азийн хөгжлийн банктай Хөвсгөл, Хэнтий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хороололд орлогод нийцсэн, байгальд ээлтэй 10000 өрхийн эко орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр барих, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ чиглэлийн ажилтан албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. 

Эдгээр төслүүдийг Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлттэй зээл, 56 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм. Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Ёланда Фернандес болон Японы элчин сайдын яамны хамт олонд талархлаа илэрхийлье" хэмээв.