ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Алабама муж улсын хууль тогтоогчид үр хөндөлтийг хориглох хуулийн төслийг олонхийн саналаар /25-6/ баталсан байна. Уг хуулийн төслийг одоо муж улсын захирагч Кей Айвид өргөн барина.


К.Айви тус баримт бичигт гарын үсгээ зурах эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч тэрбээр үр хөндөлтийн асуудлыг хүчтэй эсэргүүцдэг хүмүүсийн нэг юм. Энэхүү хуулийн дагуу эхийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд үр хөндөхийг зөвшөөрөх бөгөөд үр хөндөлт хийсэн эмчид 99 жилийн хорих ял ногдуулах ажээ. Үүний зэрэгцээ хүчингийн хэргийн хохирогч болсон, цус ойртсон зэрэг нөхцөл байдлыг уг баримт бичигт тусгаагүйтэй холбоотойгоор АНУ дахь хамгийн чанга хууль тогтоомж хэмээн нэрлэж байна.


Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний байгууллагын гишүүд уг хоригийг “үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Бүгд найрамдах намын хууль тогтоогч Терри Коллинс хэлэхдээ, бидний баталсан хуулийн төсөл эхийн хэвлий дэх ургийг хүн хэмээн үзэж байна гэжээ. Ташрамд дурдахад, энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг дөрвөн цаг гаруй үргэлжилжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг