Өнөөдөр Шангри-Ла зочид буудалд 1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулсан БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт боллоо.

Нээлтийн үеэр Халхын голын дайны үеийн болон Л.Дандарын хувцас, цэргийн хэрэглэлүүдийг дэлгэн харуулсан юм.

“Домогт баатар Дандар” номыг Л.Дандарын ууган хүү Д.Ганбаатарын бага охин Г.Гангамөрөн бичжээ.

Л.Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ.

1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон. Халхын голын тулалдаануудад тэрбээр олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан гэдэг. Монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ.