"МАНАН дэглэм ба Монгол түмний нэгдэл" хэлэлцүүлгийг Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын санаачилгаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордон дахь Иргэний танхимд хийж байна. 

Энэ үеэр иргэд ашигт малтмалын орд, МАНАН-ын бүлэг тойрсон асуудлууд, хариуцлагагүй УИХ-ын гишүүдийг хэрхэн эргүүлэн татах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: Тэр нэр бүхий 15 ордыг ард түмэнд нь өгчих л дөө

-Эцсийн эцэст бид М.Энхболд даргын албан тушаалтай зууралдаад байгаа юм биш. Харин түүнийг цаадах тогтолцоог өөрчилмөөр байгаа юм. Бидэнд маш том шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй цаг үед ирчихлээ.Тэгээгүй цагт МАНАН-ын мафижсан намчирхсан хуйвалдаан зогсохгүй. Тэр нэр бүхий 15 ордыг ард түмэнд нь өгчих л дөө. Тэгвэл ямар ч эрх баригч, хуулийн байгууллага халдаж чадахгүй.

Ингэж том нийгмийнхээ хөгжлийг бий болгох тал дээр үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй. Үүний үр дүнд иргэд, төр л хожино. Тэрний мөнгөө энэ бүх нийгмийнхээ шинэ хөгжил дэвшлийн суурийг бэлдэхэд зориулъя.  Дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох юм бол Үндсэн хууль бүхэлдээ ажиллах бололцоо бүрдэх юм. Үндсэн хуулийнхаа дагуу энэ нийгэм засарч сайжирч, ёс зүйгээ барьдаг болох ёстой.

Геологи, уул уурхайн сайд асан Б.Хурц: Ашигт малтмал бол үндэсний аюулгүй байдлын баталгаа гэдгийг ойлгохгүй байна

Төр хайгуулд мөнгө зарахгүй байна. Энэ тохиолдолд гадныхан өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж, үүгээр баялгийг ашиглах эрх авч байна. Үндэсний геологийн албаа устгасан нь ирээдүйгээ хараагүй харамсалтай бодлог. Монголын төр геологи хайгуулын ажлаа өөрөө санхүүжүүлж, өөрөө удирдаад хийдэг л болох хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Геологи хайгуулын ажлаа гаднынхнаар хийлгэж, үндэсний мэргэжилтнүүдээ үгүйсгэдэг манайх шиг ийм улс ер нь дэлхийд байхгүй шүү. Хувийн ашиг сонирхолдоо хэт автсан хүмүүс хуулийн ганц заалтыг өөрчилснөөс болж ийм байдал үүсэж байна

Сүүлд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ ашигт малтмалын зөвшөөрлийг хөрөнгөдөө бүртгэнэ гээд заачихсан. Тэгэхээр Монгол улсын газрын баялаг гадны компанийн л өмч болно гэсэн үг. Бодлого боловсруулагчид ашигт малтмал бол үндэсний аюулгүй байдлын баталгаа гэдгийг ойлгохгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын даргыг чирч гаргах амархан

МАНАН гэж улс төрчид, иргэд ярих боллоо. Энэ дэглэм нурах ёстой. Гэхдээ 3 бас 4 дахь МАНАН-г үүсгэмээргүй байна. Судлаач эрдэмтэд үүнийг шинэ төрлийн улс төрийн колончлол гэдэг, иргэд мөлжлөгийн систем гэдэг. Би үүнтэй санал нэг байна. 20 дугаар зуунд  Африкийн орнууд Францбн колони байсан. Тэд тухайн орны улс төрийг нь хянадаг, баялгийг нь зөөдөг, удирдагчдыг нь томилдог. Тэгэхээр нь энэ яах аргагүй мөлжлөгийн систем байгаа биз. 

УИХ-ын даргыг чирч гаргах амархан. Энэ бол тэмцлийн хүнд хэлбэр. Үндсэн хуулийн цэц дээр яригдаж байгаа учраас бид хүлээцтэй хандах ёстой.