РАБАТ. /TASS/. Алжир улсад долдугаар сарын 4-нд явуулахаар товлосон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзаж буйгаа тус улсын сөрөг хүчний томоохон намууд мэдэгджээ.

“Хууль эрх зүйн болон институцийн одоогийн зохицуулалтыг ашиглан хууран мэхлэх сонгууль явуулах замаар төрийн эрх мэдлийг шинэчлэх оролдлогыг бид эсэргүүцэж, сонгуульд оролцохоос татгалзах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна” гэж “Ард түмний сонголтод дэмжлэг үзүүлэх өөрчлөлтийн хүчин” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн сөрөг хүчний эвслийн уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэснийг мэдээллийн “Algeria Press Service” агентлаг уламжилсан байна.

Дээрх мэдэгдэлд "Талаи аль-Хуррийят", Шударга ёс, хөгжлийн фронт, "Аль-Бина" хөдөлгөөн, Эрх чөлөө, шударга ёсны нам, “Фажр Жадид” нам, Лалын авралын фронт зэрэг намуудын төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Алжирын нийслэл хотод болсон уулзалтад сөрөг хүчний намуудын төлөөлөгчдөөс гадна, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалагч үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүд, хүний эрхийг хамгаалагчид гэдгээрээ алдартай Мханед Арезки Феррад, Мустафа Бушаши зэрэг хүмүүс оролцжээ.

“Чөлөөтэй сонгох эрхээ хэрэгжүүлэхийн тулд улс төрийн, үйлдвэрчний эвлэлийн болон хараат бус үйл ажиллагаанд оролцох боломжийг үндэсний хөдөлгөөнүүдийн идэвхтнүүдэд олгох зөв, бодит, бодлоготой шилжилтийн үе тогтоох нь зайлшгүй чухал” гэж мэдэгдэлд гарын үсэг зурсан сөрөг хүчний намын төлөөлөгчид мэдэгдсэн байна. Үүнээс гадна, ард түмний шаардлагыг цаашид анхааралдаа авч, хүсэл зоригийг нь хүндэтгэн шаардлагуудыг биелүүлэхэд туслахыг Үндэсний ардын армийн командлалд хандан уриалжээ.


Алжир улсад хоёрдугаар сарын 22-ноос эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Хэдийгээр тус улсын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика дөрөвдүгээр сарын 2-нд огцорсон боловч жагсагчид Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Абделькадер Бенсалех, Ерөнхий сайд Нуреддин Бедуи, эрх баригч “Үндэсний чөлөөлөх фронт” намын удирдлагуудыг нэн даруй огцрохыг шаардаж эхэлсэн байна. Үүнээс гадна, авлигатай шийдэмгий тэмцэх, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон жил төрөөс хулгай хийсэн хүмүүсийг баривчлахыг шаардаж байгаа аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг