Гуравдугаар сарын 26-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан.

Хууль батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк болон Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь байх зохицуулалттай болсон юм. 

Хууль энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Өмнө нь АМНАТ-ыг 2.5 хувь болгосон хуулийн үйлчлэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болсон. 

Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

Монголбанкны хувьд АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр байлгая гэсэн байр суурьтай байсан Хэдийгээр АМНАТ 5 хувь байхаар батлагдсан ч Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Нэгдүгээр улирлын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 384 кг алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгаа. Ялангуяа 3 дугаар сард бид 91 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, бараг 90 орчим хувиар буураад байна. Тэгэхээр өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авснаар ГВАН-ийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Энэ онд ч бас алт худалдан авалтыг 22 тоннд хүргэхийг зорьж байгаа ч олон нөхцөл, байдлын улмаас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ бид бүхэн хичээж ажиллана. Ялангуяа энэ чиглэлээр Монголбанк дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 6 сарын хугацаатайгаар дахин хэрэгжүүлэх гэж байна. Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд худалдсанаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмэр, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оруулж буй эх оронч санаачлагыг сурталчлах, Монголбанкны алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр төлөвлөж байна.