Монголбанк 2019 оны 1 дүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байсанаас 531 кг дутуу буюу 47%-иар буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

Энэ талаар өчигдөр УУХҮ-ийн сайд:

Алтны татвар санаа зовоож байгаа асуудал боллоо. Энэ бол аль нэгэн компанийн лоббид орсон юмуу аль нэгэн аж ахуйн нэгжийг дэмжсэн зүйл огт биш. Манай улс түүхэндээ 22 тонн алтыг Монголбанкинд төвлөрүүлээд байна. Энэ бол 897 сая ам.доллар буюу манай улсын эдийн засагт жин дарах хэмжээ. Өнөөдөр бид алтны салбарыг үйл ажиллагаа, бодит орлогоор нь дэмжиж байгаа бол цаашдаа төгрөгийн ханшийн тогтвортой байдал, валютын нөөцийг хангах нь чухал. Ингэснээр эдийн засагт эерэг үр өгөөж бий болно. Оны эхний сарын байдлаар алт тушаалт зургаа дахин буурсан гэж байна. Энэ бол ерөөсөө тоотой л холбоотой юм. Тэгэхээр алтны татварыг 2.5 хувь болгож байж гадагшаа гарч буй алтыг Монгол Улсдаа үлдээж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Алтны татварын тухай хуулийг чуулганаар хэлэлцэхийг хойшлуулсан. Тиймээс Цагаан сарын дараа бэлдэж байгаад бүлгийн хуралдаан болон Эдийн засгийн байнгын хороогоор оруулснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцэслэх байх. Ингэж байж алтны салбарын татвартай холбоотой асуудлыг цэгцэлнэ.

2019 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байлаа.