Үелэх системийн өөр ямар ч элемент “Aurum” буюу ‘Au’ хэмээн тэмдэглэгдсэн алт шиг хүний сэтгэлийг эзэмдэж, шунал улайралд автуулж, ингэж тарчилгаж байсангүй. Зэвэрдэггүй онцгой чанартай шар өнгийн энэ өнгөт төмөрлөг хүн төрөлхтний түүхэнд хамгийн бузар булай дайн тулаан, дээрэм тонуул, аллага хүчирхийллийг өдөөж, уулсыг нурааж, усыг эргүүлсэн их улайралд хүн гэгч амьтныг татан оруулсан байх юм.

Хүний амьдрах, амьд оршихуйд алт ямар ч хэрэггүй, агаар ус шиг чухал биш, хэрэглээ, хэрэглэх зориулалт нь тун бага хүрээг хамардаг ч алтны төлөө зүтгэж ирсэн хүн төрөлхтний эмгэнэлтэй түүх олон.

Алтны ер бусын их нягтрал, туйлын уян хатан чанар, зэвэрч ганддаггүй гялгар өнгө нь түүнийг хамгийн ихээр шунан тэмүүлэх эдлэл болгон хувиргаж, гоо үзэсгэлэн, эд баялаг, өнө мөнхийн билэг тэмдэг болгон өргөмжлөхөд хүргэжээ. Тухайлбал эртний Египетийн фараонууд “Бурхдын бие” гэж нэрлэгддэг алтан авсанд хойд насны амьдралаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэдэг байсан нь тэмдэглэгдэж үлджээ. Америкт дэгдсэн алтны шуурга бүхэл тив, уугуул үндэстний хувь заяаг эргүүлж, хүн төрөлхтний бүтээн байгуулсан нийгэм бүр алтны “дон”-д нэрвэгдэж байв.

“Алт хар мөртэй”, “Алт оройд нь хүршгүй жаргал мэт ч ёроолд нь хүршгүй зовлон авчирдаг” гэж хэлцсээр ирсэн монголчуудын хувьд харин алтны төлөө бусад улс үндэстний адил улайран тэмцэж түүхэндээ хар мөр, хөрсөндөө гүн сорви үлдээж байгаагүй. Энэ нь тэнгэр газар, уул усаа шүтэн биширч, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо гүнээ ухааран, харилцан шүтэлцээтэй аж төрж ирснийх. 

Гэсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр олон мянган жилийн турш хөндөлгүй хайрлан хамгаалж ирсэн Монгол орны унаган байгаль уул уурхай, алтны хоморгонд танигдахгүй болтлоо сүйтгэгдлээ. Арван хэдэн жилийн турш ухаж авсан хөрсөн доорхи үнэт баялаг гурван сая хүнтэй Монгол орныг баян чинээлэг, хүн ардыг минь гэдэс цатгалан, мөр бүтэн болгож чадсан уу гэвэл үгүй. Нөхөн сэргээлтгүй хаягдсан хөрс шороо цөлжин хордож, булаг шанд, гол мөрөн ширгэн бохирдож амьд амьтан байтугай ургамал ч үгүй сүйдсэн дүр зургийг та монголын хөдөө нутгийн хаана ч харж болохоор болжээ. Алт ухаад баяжсан жаргасан түүх ер нь байдаг гэж үү?

Гэвч эд хөрөнгөнд суурилсан дэлхийн эдийн засаг хаашаа чиглэх, юугаар төгсөх нь тодорхойгүй өнөө үед алт улам гялалзсаар, үнэ нь улам нэмэгдсээр байна. 2001 оны 9-р сард нэг унц буюу 28 грам алт 271 ам доллар байсан бол харин 2008 оны 3-р сард 1023 ам доллар хүртлээ өсөн, хэрэгцээгээ дагаж дэлхий дахинд алтны олборлолт 2019 он гэхэд 5329 ам.долларт хүрч өсөх судалгаа гарсан нь аминч материаллаг нийгэмд алт аврал болох сүүлийн найдлага болж байгааг батлах мэт. Хүн төрөлхтнийг шунал улайралд автуулж, өөрөө өөрийнхөө авсыг ухахад хүргэдэг алт гэгч төмөрлөгийг хүн төрөлхтөн үнэндээ эдэлж чаддаг уу, эсхүл үүнийхээ боол болдог уу?

Алтыг хүн төрөлхтөн юунд хэрэглэх гэж ингэтлээ дурладаг вэ? 

Хариулт маш энгийн, ердөө л гоё байх буюу гоёж чимэх хүсэл шунал. 


Энэтхэгчүүд охин хүүхдээ төрсөн цагаас нь алт цуглуулдаг

АНУ-д “Бохир алт хэрэггүй” хөдөлгөөн өрнөж, ихэнх томоохон үнэт эдлэлийн дэлгүүрүүд байгаль орчинг бохирдуулан сүйтгэж буй уурхайн алтыг худалдаалахаа зогсоосон. Гэсэн хэдий ч энэ нь хүн гэгчийн дэлхийг хамарсан алтны хэрэглээг бууруулж чадахгүй юм. Үнэт чулуу, алт мөнгөн эдлэлийг ахуйн соёлоос нь салгах аргагүй Энэтхэг улс дэлхийн нийт алтны зах зээлийн 20 хувийг дангаараа эзлэн алтны хамгийн том хэрэглэгч үндэстэнд тооцогджээ. 

Хэдийгээр тус улс өөрсдөө маш бага алт гаргадаг ч энэтхэгчүүд 18,000 тонн алт эзэмшдэг нь тус улсын төв банкинд хадгалагддагаас даруй 40 дахин их хэмжээ юм. Охидоо төрмөгц тэд хуримын өдөрт нь зориулан алт цуглуулж эхэлдэг. Энэ нь охидын эрд очих үнэ цэнэ, гэр бүлийн хөрөнгө чинээг харуулдаг ажээ. Хуримын бэр 3 кг жинтэй гоёмсог алтан эдлэлээр үсээ чимж, зүүлт, бүс, бугуйвч, шагайвч зүүж алтан утсаар нэхсэн сари өмсөөд түүнийгээ дааж ядан байх нь элбэг тохиолдоно. 

Хамгийн олон хүн амтай улсын нэг болох Энэтхэгт жилдээ 10 сая хурим болдог гэж бодохоор алтны хэрэглээ өндөр байх нь аргагүй. Нэхсэн инжийг нь өгч чадахгүй бол нөхөрт гаралгүй насыг үдэх, шинэ гэртээ бага алт эдлэл авчирсан гэгдэн хадмууддаа зодуулах, нөхөртөө ад шоо үзэгдэх зэрэг гэр бүлийн хүчирхийлэл энэ оронд элбэг төдийгүй хүн амын 95 хувь ядуу амьдралтай энэ оронд охин төрвөл алт инжийг нь дийлэхгүй хэмээн үр хөндүүлэх явдал их гардаг нь эртнээс улбаатай уламжлалын гай гэхээсээ алт хэмээх шар төмрийн лай гэлтэй. 

Мөн тэд хиндү хуанлийн хаврын баярыг алт худалдаж авах билэгт сайн өдөр гэж үздэг. Энэ өдөр энэтхэгчүүд 50-иас дээш тонн алтан эдлэл худалдаж авдаг ажээ. Харин хятад улс 2007 онд 363,3 тонн алт худалдан авснаар 278,1 тонн алтны хэрэглээтэй АНУ-ыг давж, хоёр дахь том алтан эдлэлийн худалдан авагч орон болсон бөгөөд угаас шунал заль ихтэй, хурааж хуримтлуулах дуртай нанхиад нар эдийн засгийн өсөлтдөө дулдуйдан алт эдлэл ихээр худалдаж авах болжээ.


Хүн төрөлхтөн түүхэндээ 2 усан сан дүүрэх алт олборложээ

Хүн төрөлхтөн ингэж улайран зүтгэдэг ч түүхэндээ ердөө л 161,000 тонн олборлосон бөгөөд энэ нь хэмжээгээрээ хоёр усан санг л дүүргэхүйц хэмжээтэй юм. Харин үүний талыг сүүлийн 50 жилд олборлосон нь хүн төрөлхтний бахархах дуртай техник технологийн дэвшлийн үр дүн бөгөөд энэ нь үхэл рүүгээ яаран довтолгосон хүний нийгмийн дүр зургийн нэгээхэн хэсэг төдий ажээ. Дэлхийн хамгийн арвин баялаг нөөц ордууд шавхагдаж, зөвхөн нэг жишээ л дурдахад Өмнөд Африкийн 160 км урт алтан хавцлууд, Америкийн Калифорни дахь эрхийн чинээ бүхэл алттай том ордууд хэдийнээ алга болж, эдүгээ дэлхийн хамгийн алслагдмал, онгон дагшин хэвээр үлдсэн газар нутагт л багахан хэмжээтэй ордууд үлдснийг “сүйтгэлд дуудсан урилга”, “шуналтнуудын арааны шүлсийг асгаруулсан амттан”, “аврал эрсэн аюулд өртсөн хөөрхий байгаль” хэмээн дэлхийн байгаль хамгаалагчид сануулж, бас анхааруулж байна. Мэдээж хасагдаж багасахгүй, улам нэмэгдсээр байгаа амаа ангайсан олз хайгчдын энэ заналхийлэлд Монгол орон маань ч мэдээж аль хэдийнээ өртчихсөн, хэмлүүлж сэглүүлээд эхэлчихжээ.


Алтны хар мөр

ЮНИДО (НҮБ-ын Үйлдвэрлэлийн Хөгжлийн Байгууллага)-ын судалгаанд Монгол орон нэр устайгаа дурдагдаж “Монголоос Бразил хүртэлх буурай хөгжилтэй ядуу орнуудад 10-15 сая гар аргаар алт олборлогчид бий” гэж тэмдэглэгдсэн нь гутамшигтай агаад эмгэнэлтэй. Хэдэн зууны турш өөрчлөгдөөгүй бохир аргаар алт олборлож буй эдгээр хүмүүс дэлхийн нийт олборлосон алтны дөрөвний нэгийг бүрдүүлж, 100 сая хүн үүгээр аж төрж байгаа ч байгаль орчныг хамгийн ихээр сүйтгэн бохирдуулж, мөн өөрсдийгөө хордуулан алж байгаа. Мөнгөн усаар алтыг шороо чулуунаас нь салгах энэ болхи арга нь хүний мэдрэлийн болон генетикийн удамшлын сан, бүх цөм эрхтнийг гэмтээдэг төдийгүй хий ба шингэн хэлбэрээр хөрс шороо, усыг бохирдуулан улмаар өвс ургамал, малыг ч дам дамжин хордуулдаг нь үртэс алтны төлөө үхлээ дуудсан хэрэг. Хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд шингэн хордуулсан нийт мөнгөн усны гуравны нэгийг олон нийтэд “нинжа” гэж нэрлэгддэг хууль бус алт олборлогчдын буруу үйлдлийн үр дүн гэсэн тооцоо бий. Бэлэн зэхээ хэдэн халтар цаас, өнөө маргаашийн ашиг орлогоо боддог эдгээр хүмүүс өмнө нь амьдарч байгаагүй, өөр амь зуух арга байхгүй мэт аашлах нь үнэндээ амьдралаасаа хэдэн арван жилийг хасч хулгайлж байгаагаа ухаарахгүй харалган бодол, үхэхийн цагт аваад одохгүй эд баялгаар хүн яах вэ? 

Дэлхийн улс орнуудын гашуун туршлага үүнийг бэлээхэн нотлох бөгөөд Конго улсад л гэхэд алтны ордуудыг нутгийн зэвсэглэсэн бүлэглэлүүд хяналтандаа авч, худалдааны замуудыг тонон дээрэмдэж, алтаар буу зэвсэг худалдаж авсаар ирсэн нь дайн самуунаас өөр юуг ч авчраагүй. Индонезид зэвсэгт хүчин нь Англи-Австралийн алтны уурхайн хамгаалалтын албатай хамтран жижиг олборлогчдыг хүчээр зайлуулан сууринг нь газартай тэгшилсэн нь сайндаа ч бус харин бүр том уурхай байгуулах арга байв. Харин Перу улсын Кажамарка дахь алтны уурхайг өргөтгөхийг эсэргүүцсэн мянга мянган жагсагчдыг нулимс асгаруулагч хий, цагдаагийн хүч ашиглан тараасан нь хээл хахуульд идэгдсэн засгийн газар, хариуцлагагүй эрх мэдэлтнүүдийн шуналаас үүдсэн харамсмаар хэрэг. Энэ явдал Монгол эх оронд минь ч хаа сайгүй түгээмэл үзэгдэл болсон нь эмгэнэлтэй. Дэлхий дээрх хууль бус аль олборлогчдын гуравны нэг нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа нь сэтгэл түгшээсэн асудал болоод байгаа бөгөөд алтыг гай дагадгийн үлгэрээр эрчүүд нь амь насаараа дэнчин тавьж хэдэн арван метр гүн харанхуй нүхнээс малтаж олсон хэдэн төгрөгөө зугаа цэнгэл, биеэ үнэлэгчид, мөрийтэй тоглоом, архи дарсанд өгч үрэх нь элбэг тул эхнэр хүүхэд, гэр бүл нь хамжих, харж хянах хэрэгтэй болдог ажээ. Амьдрах гэж аргаа барж байна гэхээсээ амар аргаар гэнэт баяжих хүслээр ийм ажил эрхлэх болсон хүмүүс харин эцэст нь өөрсдөө хайрлах сэтгэлгүй, хүн дүрст араатан, алтны боол болон хувирч, байсан газраа амьдрал үгүй цөл, хөрсөн дээрх там болгон үлдээдэг уршигтай. ЮНИДО-гийн судалгаагаар нэг грам алт гаргаж авахын тулд 2-5 грам мөнгөн ус ашигладаг нь хөрсийг гүн бохирдуулж ойр хавийн хэдэн зуун хавтгай км талбайг хордуулан байгалийг үхжилд хүргэнэ. Эцэст нь юу тэнд амьд үлдэх вэ?

Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд аварга том техник төхөөрөмж, машин хэрэгсэл ашиглан дэлхийн алт олборлолтын гуравны хоёрыг үйлдвэрлэдэг бөгөөд ажлын байр, шинэ техник технологи, хөгжлийн шинэ үеийг ядуу буурай орнуудад авчирдаг хэмээн өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч алт нь бусад төмөрлөгөөс илүү их хог хаягдал, хорт бодис гаргадаг бөгөөд сансраас ч үзэгдэх гүн шархыг байгальд үлдээдэг ул мөртэйн дээр ихэнх орд нь зүүний сүвэгчинд хоёр зуугаараа багтах бичил алтны агууламжтай байдаг. Ганц бөгж цутгаж арайхийж хүрэх нэг унц буюу 30 грамм алт гаргаж авахын төлөө 250 гаруй тонн шороо, хүдрийг ухаж угааж зайлуулах шаардлагатай болдог нь нөхөн сэргээлтийг хичнээн хийсэн ч арилшгүй сорви болж байгальд үлддэг. Тухайлахад АНУ-ын Ньюмонт уурхайн корпораци Индонезийн Бату Хижау галт ууланд 2км том талбайг эзлэх зэс, алтны уурхайг 2000 онд байгуулсан нь нутгийн 8000 хүнд ажлын байр бий болгосон ч сая сая жилийн турш сүндэрлэн байсан уул далайн түвшнээс доош 100 гаруй метр гүн ухмал нүх болон хувирч, хэдий жилд 600 сая долларыг нөхөн сэргээлтэнд зарцуулдаг ч ойр хавийн зэрлэг шугуй ширэнгэ нь ухсан шороонд булагдан сүйджээ. 2337 морины хүчтэй хөдөлгүүр бүхий 6 метрийн өндөр, 13 метр урт 111 аварга машинаар зогсолтгүй ухаж буй энэ уурхайг цаашид дахин 20 жил ухахад 500 метр гүнтэй болох аж. Энэ компани нь ашиг олохын төлөө Африкийн Гана улсаас Өмнөд Америкийн Перу дахь өндөр уулсын оройд хүртэл бүх таван тивд уурхай ажиллуулдаг бөгөөд өөр бусад ийм алт, ашигт малтмалын төлөөх дайнд идэвхийлэн оролцож буй олон компаниуд ядуу буурай хөгжилтэй орнуудыг цөлмөж байна. Хээл хахуулиар асуудлыг хялбархан шийдэх, хараа хяналт, хариуцлагын тогтолцоогүй, хямд зардал, арвин нөөцтэй, цоорхой ихтэй цөөн хуультай байдаг нь ядуу улс орнуудыг онилох таатай бай болдог бөгөөд эдүгээ Монгол улс маань ч эдгээрийн тоонд зүй ёсоор орж, хоосон горьдлого, хэдхэн цаасны ашгаа харан байдгаа барж цөлмүүлж байна. Бага цалинтай ажлын байр, америк маягийн суурин иргэншлийн цомхон хотхон, үнэгүй эмнэлэг, үйлчилгээ, гэрэл цахилгаан, нийгмийг дэмжих хөтөлбөр төдийхнөөр ядуу орны ядарсан иргэдийг хуурч, толгойг нь эргүүлж дөнгөнө гэдгийг ч эдгээр компаниуд сайн мэднэ, тэгээд “ухуулж цөлмүүлж буй улс өөрсдөө ганц үг ган хийхгүй байхад хаа хамаагүй газрын хүмүүс хэл амаа татвал таарна” гэж тэд бардам дуугарч ам таглаж суудаг. Дэлхий дээр жилд олборлодог алтны хэмжээ, зах зээлд борлуулсан тоо нь өссөөр байгаа атал харин улс орнуудын албан ёсны статистик тайланд энэ тоо тун доогуур байдаг нь татвараас зайлсхийж ашгаа халааслахын тулд олборлосон алтаа нуун дарагдуулдагтай холбоотой. Ингэж бузар булай адгийн аргаар шунаж, хуурч, луйвардаж олсон олборлосон алтны ихэнх нь алт мөнгөн эдлэл, хүний гоё хээнцэр, ганган байх шуналд зарцуулагддаг юм байж. Мөн эрүүл мэндэд ямар ч нөлөөгүй атал алттай ус, архи уух, алттай амттан идэх, эсхүл алттай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, арьсандаа алтаар бигнүүр тавьж, алтан онгоцонд усанд орж, алтаар нэхсэн хувцас өмсөх гээд хүний тансаглалд хязгаар үгүй. 

2007 оны байдлаар дэлхий даяар 2,4 мянган тонн алтыг үнэт эдлэлд зарцуулсан нь төв банкинд хадгалагдаж буй алтыг хассан дүн аж. Нэг грам алт 0,0001112мм нимгэн нэвт гэрэлтэхүйц тунгалаг 1 ам метр ялтас болох уян хатан чанартай, зэвэрдэггүй онцгой шинж чанарыг нь үйлдвэрлэлд ашигладаг гэдэг ч ердөө 310 тонн алтыг цахим үйлдвэрлэлд, бусад үйлдвэрийн салбарт 92 тонн, шүд эмчилгээнд 57 тонныг зарцуулсан дүн байна. Харин албан ёсны мөнгөн тэмдэгт, зоос үйлдвэрлэлд 137 тонн, 72 тонныг медаль бусад зоос тэмдэг хийхэд, хөрөнгийн биржид 235 тонн алт эргэлтэнд оржээ. Улайран нүдээ ухаад өгөхөөс буцахгүй зүтгэдэг алтны хэрэглээ ердөө л энэ.

2006 оны 5-р сарын байдлаар АМГТХЭГ-ын Кадастрын албанаас 148 мянган га талбайг хамарсан 527 алтны ашиглалтын лиценз олгогдож, 130 компани алт олборлолт явуулж байна. Мөн Монгол нутагт 100,000 нинжа жилд 10 тонн алт ухаж боловсруулж байгаа гэсэн судалгаа байгаа нь 25 монгол хүн тутмын нэг нь хууль бус аргаар алт олборлож байна гэсэн үг. Үүнд хэдэн тонн химийн хорт бодис хэрэглэж, хэр их газрыг сүйтгэсэн бол? Нэг удаагийн шалгалтаар найман аймгийн нутагт 200 мянган тонн мөнгөн устай шороо илрүүлсэн нь юуг хэлнэ вэ? Арван тонн алтныхаа 1-2 тонн орчмыг л хуулийн дагуу Монгол банкинд тушаадаг тэд олборлосон алтны ихэнхийг хятад, бага хэсгийг Өмнөд Солонгос руу хямдхан гаргадаг сүлжээтэй. Мөн тэд зөвхөн алт ч ухдаг юм биш ээ, нүүрс, давс, шавар, элс, үлэг гүрвэлийн яс, чулуужсан мод, үнэт чулуу, эрдэс чулуулаг, солирын хэлтэрхий, ховор ургамал амьтан бүгдийг буруу гараар оруулж эх орны үнэт баялгийг харь орон руу үнэгүй шахам зөөгөөд дууслаа. Үүнийг ядуурлаас болоод амьдрахын тулд л ингэж байна даа гэж өмөөршгүй, эх орондоо арай л дэндүү элэг буруу хандаж байна бус уу. Хүний эрх, ядуурал, малаа барсан хөөрхий малчид, хүүхдийн хүнд хөдөлмөр, хортой нөхцөл, эрүүл мэнд гээд ярих зүйл их бий ч үүний цаана эх нутаг, унаган байгаль, эх орны ирээдүй гээд бүр ч чухал асуудал бийг мартаж болохгүй.


Эх орноо цөлмөсөөр...

Нэг газрыг цөлмөж дуусгаад нөгөө рүү нүүдэг алт олборлогчид говийн хязгаар нутаг, умардын Дархадын хотгор гээд Монгол орны өнцөг булан бүрт, дархан цаазат хөндөгдөөгүй дагшин газар бүрт үүрлэн, 19 аймгийн 80 гаруй сумдад газар ухаж, тэр бүү хэл нэн ховор ургамал, ан амьтдыг ч цөлмөж хядаад дуусгаж буй. “Тосон Заамар” гэгдэж дөрөө шүргэсэн төрөл зүйлийн ургамал ногоо нь хэдэн мянган жилийн турш хүн малыг тэтгэн өгөөжөө хайрласаар ирсэн нутагт 10 мянган алт олборлогч шороо сэндийчиж, эдүгээ нэр нь “тоосон Заамар”. Тал хээрийн бүсийн нимгэн хөрстэй энэ газарт мод тариад ургахгүй, өнгөн хөрс нь аль хэдийнээ цөлжсөн тул хиймлээр хөрс “суулгахгүй“ л бол авралгүй, амьдралгүй, хүн байтугай оготно үзэгдэхгүй үхширмэл газар болж. Баянхонгор аймгийн тєвєєс баруун тийш 20 гаруй километрийн зайд байх "Алтан ус" хэмээх газарт дээр vед худаг гаргахаар ухтал их алт гарч, сүүлд худгийн ёроол руу єнгийхєд алт тунаран харагддаг байснаас ихэд бэлгэшээн ийн нэрлэсэн гэдэг. Харин одоо 20 мянган хүнтэй уг сумын нутагт үүнээс дутахгүй олон нинжа цуглаж сэндийчсээр Баянхонгор аймгийг тэр чигээр нь баян хонхор болгон хувиргаж, “хээрийн траншей”, “хордуулах түгээлтийн суваг” гэж нэрлэмээр газар болж. Өвөрхангайн Уянга сумын нутагт байх 6 түмэн малчныг 8 буман толгой малтай нь тэтгэдэг Онгийн голын дээд цутгал Бөөрөлжүүтийн голыг боож алт угааснаас Онгийн голын сав хэвлий цоорч ширгэн, Улаан нуур алга болсөн төдийгүй хэдхэн жилийн өмнө байсан дөрөөн таваг зурам өтгөн сахлаг өвс бүү хэл эрүүл газар үлдсэнгүй. Энэ мэт сэтгэл сэмэрч, өр эмтэрмээр жишээг ширгэж устсан 700 гаруй гол, цутгал, нуур тойром, ухуулж төнхүүлсэн газар нутаг тухай бүрт дурдаж болох.

2008 оны 12-р сарын байдлаар нийт Монгол орны нутаг дэвсгэрийн талыг эзлэх талбайд хүчин төгөлдөр 4945 ашигт малтмалын лиценз байгаагаас 2008 оны эхний 10 сард 552 лицензийг шинээр олгосон байна. Ашиглалтын болон хайгуулын гэсэн тодотголтой эдгээр лицензүүдийн цаана нөгөө л байгаль хордуулах, нөхөн сэргээлтгүй орхигдох аюул, хууль бус олборлолт дагаж яваа. Монголчууд хөрсөн доороо юу байгааг мэдэхгүйдээ өдийг хүртэл юуг ч хөндөлгүй хэвээр нь хадгалж байлгаж ирсэн юм бишээ. Эрдэнэт уул, Оюу толгой, Бумбат, Цагаан хад, хөрсөн доороо арвин тосон далай мэлтэлзүүлсэн Тамсагбулаг, Дөш толгой, Төмөр толгой, Төмөртэй, Тугалгатайн нуруу гээд уугуул нутаг, суугуул орныхоо тансаг байгаль, тогтоц төрх, нуугдмал баялгийг өвөг дээдэс эртнээс мэдэж ийн нэрлэж ирсэн түүхтэй. Гэлээ гээд шунаж ухаж, улангасч төнхөж байсан үүх түүх үгүй, харин ч энэ нь байгалийн амьд эрчим дунд нөхөн сэргээгдэх эрүүл хэмнэлээр зөв амьдрахыг эрхэмлэж байсны гэрч.


Алтны уурхай ашигтай юу?

Алтны уурхай ашигтай юу гэвэл ашигтай, гэхдээ зөвхөн уурхай эрхлэгч, ухагчдад, харин бусдад нь хохиролтой. Тэдэнд хуулийн дагуу татвараа төлөөд ажилласнаас хээл цутгаж, хуулийг нь зөрчиж луйвраар 100 хувь цэвэр ашиг олоод хуулийнх нь дагуу сохор зоосоор торгуулах нь аманд өөрөө орсон шар тос. Харин алтны уурхайн ард юу үлддэг юм бэ? Ухуулж төнхүүлэн өрцөө цоолуулсан газар шороо, ширгэж алга болсон голын сайр, намаг шавар болж тунан наанги тоос босгох хиймэл цөөрөм, бохирдсон хөрс гүний ус, урсч хийсч эрүүл бэлчээр нутгийг хордуулан цөлжүүлэх овоолготой сул шороо, хортой хүчиллэг хаягдал шаар, агаарын бохирдол, байгалийн нэн өвөрмөц тогтоц бүхий нутгийн сүйрэл, нэн ховор ургамал амьтны аймгийн устал, эцэст нь мал ч үгүй, ажил ч үгүй, бүр нутаг ч үгүй үлдсэн иргэд. Нөхөн сэргээлт хийлээ ч хорт бодисыг хааш нь далдруулах вэ, хөрсөн доор уу? Ургамал амьтныг төрөл зүйлээр амьтан ургамлын хүрээлэн байгуулж хадгалж байгаад буцаан зүйл зүйлээр нь нутагшуулах уу? Унаган байгалийг юу ч орлохгүй. Ердөө л хүн гэгчийн тансаглах шунал, даварсан хэрэгцээг хангах, үүнд нь дөрөөлж ашиг олохын төлөөх энэ харгислал эмгэнэлтэй.


Монгол дахь энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бол?

Алтны ордуудыг ашиглаж дуустал 10-20 жилийн зай бий, мөн энэ хугацаанд алтны уурхайн хаягдлыг дагах “нинжа” нарын тоо буурахгүй гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ хугацаанд юу болохыг хэлж мэдэхгүй ч таамаглаж бас болно. Мэдээж Монголыг бялуу болгоод хувааж идэх, юу ч төлөхгүй томхон хишиг үмхчих санаатай энэ олон ангайсан амнаас Монгол улс мултрахгүй нь. Ялангуяа 2500 хүний дунд нэг уурхай ноогдох олон уурхайг ажиллуулж буй “ядуу буурай” эдийн засаг, ямба нь ихэдсэн эрх баригчид, хоногийн хоол, хөл дүүжлэх унаагаар хахуульдуулсан дарга нар, хялбар аргаар мөнгө олох шуналд идэгдэгсэд эх орноор минь дүүрэн байхад бүр ч үгүй. ДНБ-ийхээ 80 шахам хувьтай тэнцэх гадаад өртэй, гадагш айлчлахдаа бадар барихаа урьтал болгодог томчуудын “буян”-аар хар данс нь зузаарч, хэдэн үе дамжаад ч төлж дийлэхгүй их өрөө барагдуулахын тулд өөр яах вэ, газраа л өгнө, ухуулна, өмчлүүлнэ, сүйтгүүлнэ. Тал хувийг нь эзэмшдэг ганц “Эрдэнэт” үйлдвэрээр төсвөө бүрдүүлж, тэжээлгэж байгаа туршлагаараа хэдхэн том уурхайг өөрсдөө байгуулаад, хариуцлага хяналттай ажиллаж, хоёрхон сая хүнээ хүн шиг амьдруулж чадахгүй байна гэдэг ч ядуу орны хохь, явцуу харалганы шинж. Монгол нутгийн хөрсөн доорхи баялгийг ухаж, “уутны ёроолыг сэгсэртлээ” санаа нь амрахгүй мангасуудад цөлмүүлсний дараа бид хөрсөн доорхи ч, дээрхи ч баялаг үгүй хоосон хоцорч, “алтан дээр суусан гуйлгачин” бус “алтаа ухуулсан гуйлгачин” хочтой, африкийн араас замнасан түүхтэй хоцорно. Хятад хүн “авч л байвал юуг ч зарна”, өрнийнхөн “авахгүй байсан ч ашиг болгоно” гэдэг бол монголчууд “авч л байвал өгч л байя” гэдэг сэтгэхүйтэй бололтой.

Ингэх л юм байлгүй, дээрээс шийдээд өгөөсэй гэж дээш тэнгэр ширтэж, алгаа тосоод амаа хамхиад суулгүй хөдөлбөл уугуул нутгаа хамгаалах сэтгэл багаддаггүйг захаас дурдахад Онги голын хөдөлгөөн, Хан Хэнтийн дархан цаазтай газрын хэсэгхэнийг ч аварч чадсан “Хан Хэнтий” хөдөлгөөн гэрчилнэ. Үүнд гэхдээ нутгийн иргэд төдийгүй монгол хүн бүрийн зүтгэл сэтгэл хэрэгтэй. Монгол хүн бүр эх болсон өлгий нутгаа хайрлан хамгаалах сэтгэлийг элэг зүрхэндээ тээж, ивээл хишгийг нь хүртэн амьдрахын төлөө эрмэлзэж тэмүүлж амьдрах сан. Өвөг дээдсийн амь амьдрал, цус нулимс, билэг ухаанаар бүрэн бүтэн үлдэж өнөө бидэнд өвлөгдөж үлдсэн газар шороог ухаантай, бодолтой л авч үлдэх сэн. “Өвөг дээдсээс бид эх нутгаа үр хойчдоо өвлүүлэхээр зээлж авсан” гэдэг үг байдаг билээ л.


Ашигласан материал:
1. National Geographic сэтгүүл, #2, 2009
2. Нээлттэй Нийгэм Форумын ашигт малтмалын ашиглалтын судалгаа, 2008 оны 12-р сар
3. Дэлхийн Банкны судалгааны тайлан “Монголын Уул уурхайн салбар: Ирээдүй таны гарт”
4. Дэлхийн Банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчин, Нийгмийн асуудал эрхэлсэн газар, “Монгол улс: Уул уурхайн салбар дахь байгаль орчин, нийгмийн асуудлууд”
5. Жон Фаррингтон “Монголын тусгай хамгаалалттай бүс нутгууд дахь уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөө”
6. “Монголын алтны халуурал гол мөрөн, нүүдэлчин соёлыг устгаж байна” нийтлэл, 2008 оны шилдэг сэтгүүлчийн шагналт Стефан Ловгрен, National Geographic сэтгүүл, 2008 оны 10-р сар
7. Бусад онлайн эх сурвалжууд


2009 оны 3-р сар