Удаан хугацаанд хаалттай байсан Монгол бөхийн өргөө хэвийн ажиллаж эхлэх нь. Энэ асуудлаар дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулсан байна. Ингэснээр бөхийн өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхээр болж байгаа юм. Түр зөвлөлийн даргаар дархан аварга  Х.Баянмөнх, гүйцэтгэх захирлаар нь Ц.Магалжав харцагыг томиллоо.

Х.Баянмөнх: Хоёр тал Бөхийн өргөөг булаацалдаагүй. Бөхийн барилдаан дээр маргаан байхгүй учир "Бөхийн өргөө"-г нээж бөхчүүдээ өргөөнд нь барилдуулъя гэдэг санаачлага гаргаж түүнийг нь Б.Бат-Эрдэнэ аварга дэмжиж хоёр холбоо уулзаж зөвлөлдөж санал нэгдлээ.Бөхийн холбоонд үүссэн асуудал 3 сар шахам болжээ. Бөхчүүд нь зодог шуудгаа өмсчихсөн өргөөндөө барилдахыг хүлээсээр байтал цаг хугацаа алдлаа. Энэ асуудлыг шийдвэрлэе. Тэгэхээр Бөхийн өргөөг нээхийн тулд бөхчүүдийн түр зөвлөл байгуулъя. Бусад асуудал нь шүүхээд шийдэгдэнэ биз. Бид бөхөө өргөөндөө барилдуулахаар ярилцаж тохиролцъя, хэлэлцээрт гарын үсэг зуръя

Б.Бат-Эрдэнэ: Бид тантай санал нэг байна. Та бид хоёр энэ үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, ачааг үүрэх ёстой. Бид хоёр ч бөхчүүдээ нэг чигт оруулах нь зөв. Цаашлаад үндэсний эв нэгдлээ олон түмний итгэлээ эрхэмлэх ёстой. Тиймээс нэгдсэн ойлголтод хүрсэндээ баярлаж байна. Бид хоёр багш шавийн хувьд, бөхийн хувьд ч та бид хоёрт муу саар зүйл байхгүй. Харин ч бие биенээ дэмжих ёстой. Ингээд санал нэгдье, залуус дэмжиж байна. Бөхийн өргөөгөө нээж, бөхөө барилдуулж эхэлье. Таны тавьсан саналыг зөвшөөрлөө.