Амар мөрөн дээгүүр ОХУ-ын Еврейн өөртөө засах мужийн Нижнеленинское сууринг Хятадын Хэйлунзян мужийн Тунзян хоттой холбох төмөр замын гүүрний өөрийн улсын талыг Хятадууд барьж дуусгажээ. Энэ тухай “China Railway” компани мэдээлсэн байна.

Хятадууд 2014 оны хоёрдугаар сард гүүрийг барьж эхэлсэн бөгөөд өнгөрсөн бямба гарагт төмөр замын гүүрний сүүлийн ган гулданг барьж дууссан байна. Гүүрний нийт урт нь 2000 гаруй метр ба Оросын талын хэсэг нь 328 орчим метр аж.

Орос, Хятадыг холбох анхны төмөр замын гүүрний нэвтрүүлэх хүчин чадал нь жилд 21 сая орчим тонн юм.
Гүүрийг ашиглалтад оруулсны дараа жил тойрон ачаа тээвэрлэх боломжтой гэж мэргэжлтнүүд үзэж байгаа аж.

Орос, Хятадын стандартаар хоёр царигтай байхаар тооцоолон тавьж буй уг гүүрийг ирэх оны зургадугаар сард барьж дуусгахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг