АНУ-ын цахим худалдааны томоохон төлөөлөгч “Amazon” компани ирэх 11 дүгээр сараас эхлэн америк ажилтнуудын нэг цагт авах цалингийн доод хэмжээг 15 ам.доллар болгон өсгөхөөр болсон тухайгаа мягмар гарагт олон нийтэд мэдээлэв.

АНУ даяарх 250 мянга гаруй ажилтнаас гадна баярын үеэр ажилладаг улирлын чанартай 100 мянга гаруй ажилтны хувьд энэ нь сайн мэдээ болсон байна.

Тус компани нь одоогийн цалингийн доод хэмжээгээ олон нийтэд мэдээлээгүй хэдий ч нэг цагт авах дундаж цалинг өсгөж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Компанийн орлогын асар их хэмжээтэй харьцуулахад агуулах болон бусад хэсэгт ажилладаг ажилтнуудын цалин хэт бага байдаг гэх шүүмжлэл сүүлийн үед газар аваад байсан ажээ.

“Amazon” компанийн захирал Жефф Безосын мэдэгдсэнээр, компанийн удирдлагууд уг шүүмжлэлийг хүлээн авч, ямар нэг арга хэмжээ авах тухай сайтар бодсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан аж. Ж.Безос нь энэ онд дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон юм. 

2018 оны эхээр мөн “Walmart” компани нэг цагт авах цалингийн доод хэмжээг 11 доллар болгож өсгөсөн тухайгаа мэдэгдэж байсан билээ.