“Amazon” компанийн тэргүүн Жефф Безос болон түүний эхнэр Маккензи Безос нар салах шийдвэр гаргасан тухайгаа лхагва гарагт албан ёсоор олон нийтэд зарласан байна. Дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон Ж.Безос, зохиолч М.Безос нар гэрлээд 25 жил болж байгаа ажээ.

“Amazon” компанийн тэргүүн “Твиттер” хуудсандаа нийтлэхдээ, бид салж байгаа хэдий ч нэгэн гэр бүл, дотны найзууд хэвээр байх болно хэмээгээд, "өнгөрсөн 25 жилийн хугацаанд гэрлэсэн хосын хувиар хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрүүлсэн" гэж тэмдэглэжээ. 54 настай Ж.Безос болон 48 настай М.Безос нар 1993 онд гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ.

Гэрлэснээс нэг жилийн дараа Ж.Безос цахим номын худалдаа эрхэлдэг “Amazon” компанийг үүсгэн байгуулжээ. Тэр цагаас өдийг хүртэл тус компани нь дэлхийн цахим худалдааны тэргүүлэгч компаниудын нэг болж, өргөжин тэлсэн билээ.

“Bloomberg Billionaires Index”-ийн жагсаалтаар, “Amazon” компанийн тэргүүн 137 тэрбум ам.доллархөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон байна. Мөн энэ долоо хоногт “Amazon” компани хүчтэй өрсөлдөгч“Microsoft” компанийг хөрөнгийн үнэлгээгээрээ ардаа орхиж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компаниар шалгарсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua