2016 онд Туркт төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон гэх хэргээр баривчлагдаад байсан америк номлогч Эндрю Брансоныг суллах шийдвэрийг Туркийн шүүх гаргажээ.

Туркийн баруун нутгийн Измир хотын шүүх өчигдөр хуралдаж, Эндрю Брансоныг 3 жил нэг сар хорих ялаар шийтгэжээ. Гэвч тэрбээр аль хэдийн 2 жил хоригдсон учир цаашид түүнийг хорих шаардлагагүй гэж шүүх үзэн түүнийг суллах шийдвэрт хүрсэн байна.

Эндрю Брансоныг баривчилсан нь АНУ болон Туркийн хооронд үүсээд байсан маргааны гол үндэс нь байсан юм.

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа номлогчийг баривчилсан асуудалтай холбогдуулан Туркийн ган, хөнгөн цагааны татварыг хоёр дахин нэмэгдүүлсэн бол Турк мөн адил хариу арга хэмжээ авсан билээ.

АНУ-ын энэхүү арга хэмжээ нь Туркийн лир ч гэлтгүй бусад хөгжиж буй орнуудын үндэсний валютын ханшийг нь унагаасан юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг