Америкийн кино найруулагч Жорж Лукас 5.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөөрөө "Forbes" сэтгүүлийн хамгийн баян алдартнуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ. 

Жагсаалтын эхний гуравт найруулагч Стивен Спилберг болон телевизийн хөтлөгч Опра Уинфри багтжээ. Хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтад нийт 10 хүн орсон бөгөөд тэдний нийт хөрөнгийн хэмжээ 18.7 тэрбум ам.доллар болж байгаа нь өнгөрсөн оныхоос 4 хувиар өссөн үзүүлэлт аж.

"Forbes" сэтгүүлд мэдээлснээр, Спилбергийн хөрөнгө 3.7 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бол Опра 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна. Жагсаалтын дөрөвдүгээрт, домогт сагсчин Майкл Жордан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ. Сүүлийн жилүүдэд түүний хөрөнгийн хэмжээ 400 сая ам.доллараар өссөн байна.

Баян алдартнуудын жагсаалтад мөн загвар өмсөгч Кайли Женнер /900 сая ам.доллар/, рэпер Jay-Z /900 сая ам.доллар/ болон Diddy /825 сая ам.доллар/, илбэчин Дэвид Копперфильд /875 сая ам.доллар/, гольфчин Тайгер Вүүдс /800 сая ам.доллар/, детектив зохиолч Жеймс Паттерсон /800 сая ам.доллар/ нар багтжээ.

Жорж Лукас 5.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө өнгөрсөн оны жагсаалтыг тэргүүлж байв.

Америкийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргахдаа, эзэмшил компаниудынх нь орлого, үл хөдлөх хөрөнгө, урлаг бүтээлүүдийнх өртгийг харгалздаг байна. Гол шалгуур нь “өөрийн хүч хөдөлмөрөөр хөрөнгөө бий болгосон байх, мөн АНУ-ын иргэн байх ёстой аж”.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP